Венесуэл Колумбитай консулын харилцаагаа сэргээх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-30 15:41:21

КАРАКАС. /Reuters/. Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро хөрш Колумби улстай консулын харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа лхагва гарагт мэдэгджээ. Хоёр улсын харилцаа зогсонги байдалд ороод байгаа энэ үед Колумбийн сенатч асан Аида Мерлано Венесуэлд баривчлагджээ.


Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке-ийн Засгийн газар Венесуэл улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сөрөг хүчний оролдлогыг дэмжсэний хариуд Н.Мадуро өнгөрсөн онд Колумбитай харилцаагаа тасалж, тус улсын дипломат болон консулын албан хаагчдыг 24 цагийн дотор Венесуэлийг орхин гарахыг шаардсан юм.


Колумби нь өрнөдийн бусад ардчилсан орнуудын нэгэн адилаар Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын хууль ёсны удирдагч хэмээн үздэг байна.


Өнгөрсөн онд сонгуулийн саналыг худалдан авсан хэргээр хоригдоод байсан хэдий ч шүдний эмчийнхээ оффисоор дамжин оргосон А.Мерлано даваа гарагт Венесуэлд баривчлагджээ. Колумбийн Хууль зүйн яам А.Мерланог шилжүүлэн авах хүсэлтийг Х.Гуайдод хүргүүлнэ хэмээн энэ долоо хоногийн эхээр мэдэгджээ.


Н.Мадуро телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаар хэлэхдээ, Х.Гуайдо Венесуэлийн цагдааг удирддаг гэж бодоо юу? гэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хоёр улсын консулын харилцааг сэргээх санал гаргажээ. Венесуэл, Колимби бол хөрш орнууд, дипломат болон улс төрийн харилцаатай байх нь бидний үүрэг гэж Венесуэлийн Ерөнхийлөгч хэлжээ.  


Н.Мадуро өөрийг нь түлхэн унагааж, төрийн эргэлт хийхээр зэхэж буй АНУ-ын "утсан хүүхэлдэй" хэмээн Х.Гуайдог үздэг бөгөөд харин И.Дуке-ийг Венесуэлийн Засгийн газрын байр суурийг ганхуулахыг оролдож байна гэж буруутгадаг байна. Венесуэлд саатуулагдаад буй А.Мерланогийн талаар тэрбээр хэлэхдээ, Колумбийн улс төрийн хүрээнийхэн ямар байгааг харуулж байна гэжээ.


“Венесуэл улс А.Мерланог “Interpol”-ын шугамаар албадан гаргах хэрэгтэй” гэж Колумбийн Ерөнхийлөгч И.Дуке лхагва гарагт мэдэгджээ. Мөн тэрбээр Н.Мадурогийн засаг захиргаа Х.Гуайдог хүлээн зөвшөөрсөн олон орны дипломат төлөөлөгчдийг улс орондоо байлгасан хэвээр байгааг онцолжээ. 


Б.Отгонтуяа

Холбоотой мэдээ