Братск хотын төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-01-30 16:11:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрхүү мужийн Братск хотын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Александр Яковлев, Хэвлэл мэдээллийн албаны дарга Светлана Мавлюкеева, Бизнес эрхлэгч Сергей Калинбет нар тус аймагт айлчилж байна. Албаны төлөөллүүд аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, ХАҮТ-ын Дархан салбарын дарга С.Мэндхүү нарын албаны хүмүүстэй уулзалт хийлээ. 
Уулзалтаар  Братск хотын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Александр Яковлев хэлэхдээ: Өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон ажлуудын хүрээнд олон ажлыг хийж байна. Эхний ээлжид сүүний чиглэлийн үнээнүүд, угсардаг загвар модон байшинг Дархан хот руу ачуулахад бэлэн болсон. Мөн Дархан дахь худалдааны төвөө байгуулах шийдвэрээ эцэслэх шаардлагатай байна. Бидний харилцаа зөвхөн эдийн засгийн харилцаагаар тогтохгүй багш, сурагч, урлаг соёлын үйл ажиллагаагаар цаашид үргэлжлэх боломжтой гэв.

Тэрээр цааш нь ирэх 5 дугаар сард Братскийн үзэсгэлэн худалдаанд Дарханы бизнес эрхлэгчдийг оролцуулах санал тавьсан юм. Аймгийн Засаг даргын зүгээс дээрх бүх ажлыг хэрхэн яаж зохион байгуулах талаар нарийн төлөвлөгөө гаргаж ажиллана гэсэн юм.

Братск хотын төлөөлөгчид өнөөдөр “Дархан нэхий” ХК, “Эко ноос”, “Дархан савхи”, “Босс савхи” ХХК, “Мөнх пил” хоршоо зэрэг үйлдвэр, хоршооны бүтээгдэхүүнтэй танилцах аж. Тус аймаг ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой 2019 оны 5 дугаар сараас эхлэн ах дүү хотын харилцаа тогтоон ажиллаж байна.

Тус хотын дарга Серебренников Сергей Васильевич өнгөрөгч оны 11 дүгээр сард Дархан хотод ажиллаж 2 хотын бизнес эрхлэгчид хэрхэн хамтдаа хөгжих, ямар бизнес эхлүүлэх боломж байгаа талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлээр ярилцаад буцсан билээ.

 

Холбоотой мэдээ