ДЭМБ хоёр дахь удаагаа хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-30 07:31:21

ЖЕНЕВ. /DW/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБшинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр пүрэв гарагт шуурхай хуралдаан зарласан байна.


“Коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол Хятадаас өөр улс орнуудад бүртгэгдсэнд санаа зовниж байна. Хэдийгээр Хятадаас гадна бүртгэгдсэн тохиолдол харьцангуй цөөн байгаа хэдий ч халдварын тархалт өсөх боломжийг нэмэгдүүлж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.


ДЭМБ-ын Онцгой байдлын хороо коронавирусний асуудлаар өнгөрсөн долоо хоногт анх удаа шуурхай хуралдсан юм. Уг хурлаар олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахад хэтэрхий эрт байна хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Тухайн үед коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол зөвхөн Хятадад бүртгэгдсэн байсан юм.


Хятадын эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлснээр, лхагва гарагийн өглөөний байдлаар коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 132 хүрч, 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Уг үзүүлэлт нь 2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ Хятадад бүртгэгдсэн тохиолдлын тоог давжээ.


Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол лхагва гарагийн байдлаар дэлхийн 19 орон, нутаг дэвсгэрт илэрч, нийт 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс хүнээс хүнд халдварласан байх магадлалтай тохиолдол Вьетнам, Япон, Германд тус тус бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ