Нэг удаагийн амны хаалтны нөөц дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-27 16:05:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүж хэвшихийг иргэдэд уриалж байгаа. Тэгвэл 01 дүгээр сарын 27-ны 15 цагийн байдлаар  Сүхбаатар аймгийн хэмжээнд нэг удаагийн амны хаалтны нөөц дуусчээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас авсан мэдээгээр одоогоор эмийн сангуудад нийт 200 орчим нэг удаагийн амны хаалт байгаа бөгөөд эрэлт ихтэй байгааг хэллээ. Тиймээс нөөцгүй болсон гэж үзэн Улаанбаатар хотын "Мөнхийн тун" эмийн үйлдвэртэй холбогдож, нэг удаагийн амны хаалт татан авах ажлыг зохион байгуулж эхэлжээ.  

Харин шүүлтүүртэй амны хаалт 120 ширхэг, хүүхдийн даавуун амны хаалт 1000 ширхэг байна. Эдгээр амны хаалтуудын хувьд 1000-7500 төгрөгийн үнэтэй учир иргэд төдийлөн худалдаж авахгүй байгаа аж.

Тус аймагт нэг удаагийн амны хаалтын үнэ нэмэгдээгүй, 120-300 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

Холбоотой мэдээ