Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг Европыг зорив

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-21 11:50:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнд хүчээ сорих 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Европ тивийг зорив.


Энэ оны гуравдугаар сард олимпын эрхийн төлөөх тэмцээн болох юм. Монголын баг тамирчид тус тэмцээний өмнө сагсан бөмбөгийн спортоор хүчирхэг гэгддэг Серби, Словени улсын шилдэг багтай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Серби улсын Нови Сад хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд оролцоно.


Харин хоёрдугаар сарын 8, 9-нд Словенид өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөх юм. Энэ улсууд олимпын эрхийн тэмцээндээ бэлдэж байгаа бөгөөд Ази тивээс Монгол Улсын шигшээ багийг урьсан байна.


Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Токио-2020” олимпын наадамд шууд оролцох дөрвөн багийг өнгөрсөн 11 дүгээр сард зарласан. Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид шууд оролцох эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрхээ аваагүй бөгөөд Польш, Бразил, Турк, Испани улсын зоонд хуваарилагдсан юм. 

Холбоотой мэдээ