БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-21 09:57:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо энэ сарын 20-22-нд болж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

2002 оноос эхтэй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад өмнөх жилүүдэд дунджаар 80-90 орны Боловсролын сайд оролцож салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаасаа хуваалцаж иржээ.

Энэ оны чуулга уулзалт “Боловсролыг өөрчлөхөд нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд 100 гаруй орны сайд оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт, чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.

Салбарын сайд Ё.Баатарбилэг тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг улсын Боловсролын сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж БСШУСЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ