Дугуйгаар аялагч С.Дебнат Улаанбаатарт иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-20 13:03:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унадаг дугуйгаар 2004 оноос эхлэн дэлхийг тойрон аялж буй, Энэтхэг улсын иргэн Сомен Дебнатыг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзсан байна.


С.Дебнатын аяллын зорилго нь ХДХВ/ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх юм байна. Тэрбээр 14 насандаа "ДОХ хорт хавдраас илүү үхлийн аюултай" гэсэн нийтлэл уншсан нь энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал аж.


Зургаан тивийн 154 орноор аялан 168.000 км замыг унадаг дугуйгаар туулаад буй тэрбээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд аяллаа дуусгасныхаа дараа дэлхийгээр аялсан түүхээ ном болгохоор зорьж байгаа аж.


Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрбээр Улаанбаатар хотын талаар нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрсэн талаар НАЖГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ