Хүүхэд бэртсэн, амиа алдсан осол гарсаар байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-20 10:08:59
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 566 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 444 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас 21 хүн бэртэж, орон нутгийн замд нэг хүний амь хохирчээ. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг, нисэх буудлын баруун талын шороон замд "Тоёота Приүс" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 15 настай хүүхдийн амь хохирсон байна. Мөн амралтын өдрүүдэд ослын улмаас долоон хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтжээ. Иймд эцэг эхчүүдэд хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурд хэтрүүлэхгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.


Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Холбоотой мэдээ