Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-17 16:52:39

КИЕВ. /TASS/. Украины Ерөнхий сайд Алексей Гончарук албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ. Түүний яриаг чагнасантай холбоотой дуулиан шуугиан дэгдээд буй энэ үед тэрбээр ийнхүү огцрох өргөдлөө өгсөн байна. 


“Ерөнхийлөгчид үзүүлэх хүндэтгэл, итгэх итгэлд эргэлзээ үүсгэхээс зайлсхийхийн тулд би огцрох тухай өргөдөл бичиж, ерөнхийлөгчид дамжуулсан” хэмээн тэрбээр “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.


Сүүлийн үед олон нийт Засгийн газрын зөвөлгөөний бичлэгийн хэсгээс эвлүүлэн засаж, засгийн газрын тэргүүн болон түүний гишүүд төрийн тэргүүнийг хүндэлдэггүй гэсэн санааг зохиомлоор бий болгосон файлаар нийгмийн сүлжээн дэх олны толгойг эргүүлсэн үйл явдлын гэрч болж байгааг ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. 


"Санхүүгийн урсгалд нэвтрэхийг зорьдог нөлөө үзүүлэх чадвартай олон бүлэгт ингэж харагдуулах нь ашигтай хэдий ч энэ бол үнэн биш” хэмээн тэрбээр цохон тэмдэглэхийн сацуу Ерөнхийлөгч Владимир Зеленскийг нээлттэй, шударга байдлын үлгэр жишээ болсон хүн гэж үздэгээ илэрхийлсэн байна.


Гончарукийн 2019 оны 12 дугаар сарын 16-нд хийсэн албан бус зөвөлгөөний хэсгээс тасалж авсан 2 дуут бичлэг “YouTube” сувагт “Ерөнхийлөгчийн хэрхэн хуурах вэ” гэх нэрээр нийтлэгдсэн байна. Бичлэгт Гончарук гривений ханш яагаад чангарч байгааг болон энэ нь улсын төсөвт хэрхэн нөлөөлж болзошгүйг төрийн тэргүүнд тайлбарлахад нь туслахыг зөвөлгөөн хийж байсан хүмүүсээс хүсжээ. Түүнчлэн энэ бичлэгт В.Зеленскийн талаар тааламжгүй үгс хэлж, ерөнхийлөгчийг мулгуу гэж хэлэх нь сонсогддог байна. 

Холбоотой мэдээ