М.Жавзандолгор: Бэлтгэсэн өвс, тэжээлийн 30 хувийг хуваарилсан

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-15 18:02:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт өөрийн болон өөр аймгийн 4,0 сая шахам мал өвөлжиж байгаа мэдээ байна. Мал аж ахуйн өвөлжилтийн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгортой уулзаж ярилцлаа.


- Аймгийн хэмжээгээр хэдий хэмжээний мал өвөлжиж байна вэ?

- Аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3,6 сая толгой мал өвөлжиж байна гэсэн мэдээ гарсан. Нийтдээ 10,2 мянган малтай өрхийн 8,5 мянган малчин өрх байна.

- Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан дүн гарсан. Бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц ямар байгаа бол?

- Манай аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88.4 хувьтай хангасан. Малчид өвс 91682, сүрэл 2139, ногоон тэжээл 5836, үйлдвэрийн тэжээл 4988, гар тэжээл 1341, давс хужир 9186 тонныг бэлтгэсэн. Одоогийн байдлаар малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн 30 орчим хувийг хэрэглэсэн мэдээ байгаа. Намар, өвөлдөө харьцангуй дулаахан байлаа. Гэсэн ч хойд бүсийн сум Баян-Агт, Хутаг-Өндөр сум, Тэшиг сумын зарим нутагт цас их орсон. Цас нэмж орвол өвөлжилт тавгүйтэх төлөвтэй байгаа. Өмнө зүгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сум болон Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын урд талаар өөр аймгаас нэлээд малчид отроор орж ирсэн. Дундговь, Төв, Өвөрхангай, Архангай аймгаас одоогийн байдлаар 420 орчим өрхийн 300 орчим мянган мал отроор өвөлжиж байна гэсэн судалгааг авлаа. Отроор өвөлжиж байгаа малчдын харьяалах аймаг, сумын удирдлагуудтай ярилцаж тоон мэдээ тулгах, малчдын нийгмийн асуудал, малчдын хооронд гарч байгаа маргаан зөрчил, малын хулгай зэрэг асуудалд анхаарал хандуулах талаар харилцан санал солилцож ажиллаж байна. Саяхан аймгийн ажлын хэсэг өмнө зүгийн суманд ажиллаж отроор өвөлжиж байгаа малчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож ямар нөхцөл байдалтай байгаа талаар газар дээр нь танилцаад ирсэн. Энэ ажлаа аймгийн Онцгой комиссын хуралд танилцууллаа.

Манай аймгийн малчдын хувьд эхний ээлжинд малчид бэлтгэсэн өвс тэжээлээ хэрэглэнэ. Хэрэв өвс, тэжээл  дутагдалтай байвал сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээ сумаас хуваарилж олгоно. Суманд нөөц багасвал аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл хуваарилахаар байгаа. Одоогийн байдлаар урд бүсийн суманд отор нүүдэл их бэлчээрийн даац хомс, өнгөрсөн жил зуншлага тааруу байсан, үлийн цагаан оготно их тархсантай холбоотой бэлчээрийн талхагдал их байгаа зэргийг харгалзан аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг эхний ээлжинд хуваарилахаар зохицуулж байна.

- Орон нутагт мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт тавгүйтэж болзошгүй нөхцөл байдал үүссэн мэдээлэл байна уу?

- Ер нь хаваржилт аймгийн хэмжээнд хүндэрч болзошгүй төлөв гарч байгаа. Нэгдүгээр сарын сүүлээр манай аймгийн нутгаар их хэмжээний цас орохоор урьдчилсан төлөв гарсан. Тэгэхлээр нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа манай аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа.

Одоогийн байдлаар Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Рашаант сум өвөлжилт хүндэрсэн гэсэн тоо мэдээнд орсон байгаа. Цаашдаа мал аж ахуйн өвөлжилтийн талаарх мэдээллийг орон нутгаас шуурхай авч холбогдох Яам, газарт танилцуулж тухайн үед нь шуурхай арга хэмжээ авахаар  төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ