Энэ сард хууль бус агнууртай холбоотой нэг хэрэг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-15 15:16:41

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд хүний үйлдлээс хамаарсан байгаль орчин, ан амьтны эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэх болжээ.  

Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ямар түвшинд байгаа талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатараас тодрууллаа.

Ховд аймаг дахь Цагдаагийн газар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2018 онд нийт 13 бүртгэсэн бол 2019 онд 39 хэрэг бүртгэж, шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

Үүнээс хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх гэмт хэрэг 60 орчим хувийг эзэлж байна. Харин хууль бус ан агнууртай холбоотой хэрэг 20 орчим хувийг эзэлж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн 2018 онд хууль бус агнууртай холбоотой 2 хэрэг бүртгэсэн бол 2019 онд 10 хэрэг бүртгэгджээ.

Тэгвэл 2020 оны нэгдүгээр сард хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бус агнуурын нэг хэрэг илрүүлж, цагдаагийн байгууллага хянан шалгаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт 51 настай эрэгтэй Н гэгч нь ТОЗ-8 маркийн буугаар хулан агнасан. Үүнийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс иргэдийн мэдээллийн дагуу илрүүлжээ.

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага анхааран ажиллаж байна гэж албаны эх сурвалж онцлон хэллээ.

Холбоотой мэдээ