“Juul” жимсний амт оруулсан электрон тамхийг Канадад худалдаалахаа зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-15 12:48:00

ОТТАВА. /Reuters/. Америкийн электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компанийн бүтээгдэхүүнүүдийг өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэж байгаатай холбогдуулан жимсний амт оруулсан электрон тамхийг Канадад худалдаалахаа зогсоохоор болжээ.


Juul” өмнө нь жимс, амттан, гааны амт оруулсан электрон тамхийг Америкийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд болон цахим хуудсаараа худалдаахаа зогсоосон юм. Канадын “CBC News” сувгийн мэдээлснээр, манго, ванилин, жимс, өргөст хэмхийн амт оруулсан электрон тамхийг худалдаалахгүй боловч тамхи болон гааны амттай бүтээгдэхүүнүүд үргэлжлэн худалдаалагдах ажээ.


АНУ-д өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор уг бүтээгдэхүүний зарим төрлийг улс даяар хориглох шийдвэрийг тус улсын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар энэ сарын эхээр гаргасан юм.


Уг хоригт гаа болон жимсний амтыг оруулсан электрон тамхи багтсан бөгөөд эдгээр нь "Juul" компанийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдэд тооцогддог аж. Харин ментол болон тамхины амттай электрон тамхи уг хоригт ороогүй байна. 


Өмнө нь АНУ-ын хэд хэдэн муж улсад электрон тамхийг хориглоод байсны зэрэгцээ БНСУ, Энэтхэг, Бразил зэрэг 10 гаруй оронд мөн ижил шийдвэрийг гаргасан байна.  

Холбоотой мэдээ