“Японы тухай миний дурсамж” уралдааны шилдэг гэрэл зургууд тодорлоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-01-14 14:55:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Элчин сайдын яам, Нью жуулчин турс, Canon Mongolia, Гранд Принс ХХК-ний "Ажисэн рамэн" ресторан болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 10-ны өдөр “Гэгээнтэн” кино театрт болов. Уг тэмцээнийг Япон орон, түүний соёл, ёс заншил, иргэдийн амьдрал зэргийг олон талаас нь харуулан таниулахын зэрэгцээ Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжих зорилгоор анх удаа зохион байгуулжээ.

Тэргүүн байрыг М. Анударъяа “Асакүса” зургаараа эзэлж Нью жуулчин турс компаний шагнал хүртлээ. Удаах байрт Д.Төмөрбаатарын “Олимпын дурсгал”, гуравдугаар байрт А.Ариунбаярын “Хүндэтгэл” гэрэл зургууд тус тус шалгарлаа. Мөн удаах байруудад Б.Батнямын “Хүндлэл”, О.Сүхбатын “Самурай” гэрэл зургууд шалгарч тусгай шагнал хүртлээ. 

Японы ЭСЯ-ны Зөвлөх Ш.Хаяаши  “Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан монголчуудад Япон улсыг илүү сайн мэдүүлэхийг зорьсон бөгөөд улмаар аль болох олон монгол хүн Японыг зорьж, Токио, Киото төдийгүй сэтгэл татам бусад олон газарт очиж үзээсэй хэмээн хүсэж байгаа. Энэ онд зохион байгуулах Токиогийн Олимп, паралимпын наадмын үеэр Монголын баг тамирчид эх орондоо олон медальтай эргэж ирнэ хэмээн найдаж байгаа” гэв.

Холбоотой мэдээ