Б.Нямдорж: Үндсэн хууль батлах үйл явц амаргүй байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-13 16:16:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсад шинэ ардчилсан Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна. Дорноговь аймгийн ИТХ-аас шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулж шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллага, иргэний нийгэм, хэвлэлийнхний төлөөллийг оролцуулсан “Өглөөний уулзалт”-ыг зохион байгууллаа.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх, өмч хөрөнгөтэй болох, гадаадад зорчих, сонгох, сонгогдох зэрэг Монгол Улсын иргэн бүрийн эрх, үүргийг баталгаажуулсан эл хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, 2019 онд УИХ-аар баталсан нэмэлт өөрчлөлтийг танилцуулах зорилготой уулзалтад 30 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр орон нутгаасаа сонгогдон Үндсэн хууль батлалцаж явсан аймгийн ИТХ-ын дарга асан Б.Нямдоржоос зарим зүйлийг тодруулав.

-Нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх үзэл санаа бүхий Үндсэн хууль батлахад Та гар бие оролцож явсан. Тэр үеийн дурсамжаас юуг онцлох вэ?

-Тухайн үеийн нийгэм нь шинэ, үзэл санаа бас л шинэ байлаа. Бидэнд  тийм ч хангалттай туршлагагүй байсангүй. Харин сэтгэл бол байсан.

 Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 76 хоног хэлэлцэн баталсан  хууль өнөөдрийн Монголын нийгмийн хөгжил, шинэчлэл, зах зээлийн нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулж ирсэн.

Хууль батлах үйл хэрэг амаргүй байсан юм. Хүмүүсийн дунд маргалдах, мэтгэлцэх зүйл гардаг, олон хоног үргэлжилсэн гээд оролцсон хүмүүс ч их ядарсан.

Бид 76  хоног хуралдахад ирц 80-аас дээш хувьтай байлаа. Тэгэхээр хууль батлалцсан хүмүүсийн идэвх оролцоо, сахилга бат сайн байжээ.Хуулиа баталж ардчилсан сонгуулийг зохион байгуулж байв. Депутатуудын ихэнх нь орон нутгаас сонгогдож байсан юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар та ямар бодолтой байна?

Аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж, хөгжин дэвшиж байдаг. Дордохын долоон өөрчлөлтөө зассан гээд дэвшил гарсан. Миний хувьд парламент дээд, доод  гэсэн  хоёр танхимтай байвал Монголын нөхцөлд тохирох юм болов уу гэж боддог.

Шинэ Үндсэн хуулийг судалж, хүмүүст сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад одоог хүртэл үгээ нэмэрлэж, хичээн зүтгэж явна.

-Та тухайн үед ямар алба хашиж байв?

Би Сүхбаатар аймгийн хуучнаар Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх Захиргаанд хөдөө аж ахуй эрхэлсэн Орлогчоор ажиллаж байлаа. Аймгийн 281 дүгээр тойрогт гурван хүнтэй хамт өрсөлдөж би сонгогдож байсан гэв.

Уулзалтаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг танилцуулж харилцан санал солилцов. Тухайлбал, нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа ч өөрөө хүлээдэг, шүүх хуулийн байгууллагын хараат бус байдлыг хангах зэрэг дэвшилттэй заалт орсон бөгөөд цаашид засаж сайжруулах зүйл байгааг ардын их хурлын депутат асан Ц.Нямдорж, Ц.Дэмид нар онцолсон юм.

“Дээрх хуулийн үзэл санааг  иргэд, залуу үеийнхэнд хүргэх, сурталчлах талаар идэвхтэй ажиллах шаардлага байгаа. Бидний өнөөдрийн үйл ажиллагаа ч ийм зорилготой” хэмээн аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр тодотгосон.

Уулзалтад оролцогчид эцэг хуулийн тухай өөрсдийн үзэл бодлыг гар зургаар илэрхийлж, хуулийн зарим зүйл заалтыг  өгөгдсөн үгээр эвлүүлэх зэрэг хөгжөөнт тоглоом тоглож оюун ухаанаа уралдуулсан юм.

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан бөгөөд эхний гурван хууль  нэг нийгмийн үзэл санааг тунхаглаж байсан бол 1992 оны шинэ Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөө баталгаажуулж, шашин шүтлэг, ундэс угсаагаар ялгаварлалгүй, хүн бүхний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсан хууль гэж үздэг.






Холбоотой мэдээ