“Үндсэн хуулиа дээдэлье” сэдэвчилсэн үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-13 16:29:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ойд зориулан иргэдийн хууль эрх зүй, түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор С.Буянэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сангаас “Үндсэн хуулиа дээдэлье” сэдэвчилсэн үзэсгэлэн гаргалаа.

Тус номын сангаас Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан нэгдүгээр сарын 13-ны энэ өдрийг угтан жил бүр уламжлал болгон үзэсгэлэн гаргадаг болжээ.

Энэхүү үзэсгэлэнд 1992 онд батлагдсан үндсэн хууль болон түүнээс өмнө хэрэгжиж байсан хууль тогтоомжийн эмхэтгэл, Үндсэн хуульд орсон өөрчлөлт зэрэг мэдээллийг тавьжээ.

Түүнээс гадна аймгийн Цагдаагийн газраас санаачлан гаргадаг “Хууль эрх зүй-цагдаа” булангийн материалыг шинэчлэн баяжуулж, иргэдэд хүргэж байна.

Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлахад Дундговь аймгийн 15 сумаас Ж.Адьяа, Д.Адьяа, Б.Батмөнх, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, С.Энх-Амгалан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, Г.Сампилноров, Т.Тогоо, М.Моёор, Н.Шуураа, С.Халзанхүү, Д.Цэдэнбал нарын 17 хүн оролцож байсан бөгөөд одоо 14 нь энх тунх амьдарч байна.  

Холбоотой мэдээ