Өвөлжилт хүндэрсэн сумдад дэмжлэг үзүүлэх ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-09 16:24:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн зарим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбоотойгоор өвс  тэжээлийн дэмжлэг үзүүлэх болон бусад шаардлагатай арга хэмжээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох газруудаас авч эхэлжээ. Тодруулбал шаардлагатай газруудад өвс, тэжээлийн болон бусад дэмжлэгийг үзүүлж эхэлсэн байна. 

Тус аймгийн хэмжээнд 4522 хот айлын 7887 малчин өрхийн 3,8 сая толгой мал өвөлжиж байна. Эдгээрийн дийлэнх нь өөрийн аймаг, сумандаа өвөлжиж байгаа бол цөөн тооны буюу 115 өрхийн 78,8 мянган мал Дорнод аймгийн Матад, Хэнтий аймгийн зарим суманд өвөлжиж байна.Тодруулбал шаардлагатай газруудад өвс, тэжээлийн болон бусад дэмжлэгийг үзүүлж эхэлсэн байна. 

Одоогоор аймгийн хэмжээнд дөрвөөс таван суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилт хүндэрсэн сумын малчид Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын нутагт отроор өвөлжих боломж бий. Түмэнцогт, Мөнххаан сумын малчид эхнээсээ отор нүүдэл хийгээд эхэлсэн. Ер нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өөр аймаг суманд отор нүүдэл хийж буй малчдыг хөөж туухгүй байх нөхцөл боломжоор хангах тухай тусгай зөвлөмжийг аймаг сумын засаг дарга нарт хүргүүлсэн. Тиймээс зайлшгүй тохиолдолд оторлох хэрэгтэй гэж аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Б.Мөнхбаяр хэллээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 480 тонн өвс, 20 тонн тэжээл, сум тус бүрт 1220 тонн өвс, 83 тонн тэжээлийг нөөцөлжээ. Мөн малчид өөрсдийн хүчээр тодорхой хэмжээний өвс тэжээл, хужир шүүг нөөцөлсөн байна.

 

Холбоотой мэдээ