Хүндийг өргөлтийнхөн “Токио-2020”-д өрсөлдөх тамирчдаа тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-09 13:20:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 11-12-нд нийслэл хотноо “Замчин” спорт хорооны зааланд болно.


Монголын хүндийг өргөлтийн холбооноос зохион байгуулах тус тэмцээн эмэгтэйчүүдийн 49, 55, 59, 64, 71, -76, +76 кг-ын жинд медальтнуудаа шалгаруулах бол эрэгтэй тамирчид 55, 61, 67, 73, 73, 81, -96, +96 кг-д шилдгүүдээ тодруулах юм. Олимпын жилийн УАШТ-д 19 багийн 199 туйванч оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд ОУМХ цолтой 33, спортын мастер цолтой 41, спортын дэд мастер цолтой 29 тамирчин байгаа аж.


Энэ удаагийн УАШТ-ий гол зорилт нь шилдэг тамирчдын бэлтгэл сургууль ямар түвшинд байгааг сорих болон “Токио 2020” олимпын наадамд оролцох боломжтой тамирчдыг сонгон шалгаруулах болон баг тамирчдын бэлтгэлийг чамбайруулахад оршино.


Ташрамд дуулгахад, Монголын Хүндийг өргөлтийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар үүрэгт ажлаа “Самбуу сан” клубийн үүсгэн байгуулагч Самбуугийн Үенбаатарт шилжүүлэн өглөө. С.Үенбаатар нь Монголын үе үеийн шилдэг дасгалжуулагч, тамирчдын багш Т.Самбуугийн хүү бөгөөд тэрбээр удам залгаж, Киевийн БТДС-ийг багш, дасгалжуулагчаар төгссөн мэргэжлийн дасгалжуулагч юм. 


Хүндийг өргөлтийн шигшээ багт 2012 онд тамирчнаар зүтгэж явсан нэгэн үеийн залуус болох О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр, Ц.Хасбаатар нар спортынхоо төлөө хамтран ажиллахаар ийнхүү ажилдаа шамдан ороод байна. Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан юм. Хэдхэн жилийн дотор энэ спорт дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа нь тэдний гавьяа гэж болно. Мөн Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр тэргүүтэй олон олон хүний хичээл зүтгэл байгаа нь мэдээж.


Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж үүрэгт ажлаа Ц.Хасбаатарт өгч байсан бол одоо олимпын өмнөхөн С.Үенбаатарт ийнхүү албаа өгч байна. Өнгөрсөн хугацаанд хүндийг өргөлтийн тамирчид чамгүй амжилт гаргасан төдийгүй 2019 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл, залуучуудын дэлхийн аваргаас О.Дархижав хүрэл, Өсвөрийн ДАШТ-ээс Г.Энэрэл нар хүрэл медаль, Дэлхийн цомоос М.Анхцэцэг алт, мөнгө, Э.Билэгсайхан хүрэл, Г.Ануужин мөнгөн медаль хүртэж, Монголын хүндийг өргөлтийн спорт дэлхийн түвшинд хүрснийг тодоос тод харуулаад байна.


“Токио-2020” олимпын наадмаас Монголын хүндийг өргөлтийн тамирчид анхны медаль хүртэх том зорилт дэвшүүлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ