Италийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассогийн айлчлал эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог Чингисийн талбайд угтан авлаа.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өчигдөр орой манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр Чингисийн талбайд УИХ-ын дарга З.Энхболд угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг татууллаа. Мөн ноён Пьетро Грассо Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд Хүндэт зочдын дэвтэр гарын үсэг зурав.
Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд, Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийж байна. Дараа нь тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.
Италийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо мөн маргааш нээлтээ хийх АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад оролцож, АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлэх юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал