А.Балжир: Хар нуур-Үндэсний парк төсөл нь аялал жуулчлалыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх ирээдүйтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-09 11:35:50

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг 2019 онд сум бүрдээ жижиг үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэхээр төлөвлөж олон ажлыг амжуулжээ. Говийн бүсийн сумдын нэг болох Эрдэнэхайрханд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чамгүй олон ажлыг хийжээ. Энэ талаарх тодруулгыг тус сумын Засаг дарга А.Балжираас тодрууллаа.


-Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөсөн жил боллоо. 2020 онд танай сумын тухайд ямар онцлох ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн жилд манай сумын тухайд ч маш олон ажлыг төлөвлөж амжилттай хийсэн. Энэ онд 2019 онд эхэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажлыг бүрэн ашиглалтад оруулж гадна тохижилтыг хийнэ. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн сургуулийн барилгыг шинээр барихаар батлагдсан байгаа. Цэцэрлэгийн өргөтгөл, засвар хийх, сумын төвийн айл өрхүүдийн цэвэр усны ариун цэврийн бүс тогтоох, суурин газрын хүрээлэн буй орчин, эрүүл ахуйг сайжруулах, халдварт өвчнөөс хүн, мал, амьтдыг урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа тохижуулна гээд маш олон ажлыг төлөвлөсөн байна.

Манай сумын тухайд байгалийн үзэсгэлэнт газар нутаг ихтэй. Зуны улиралд дотоод, гадаадын аялагч, жуулчид их ирдэг. Тэгэхээр байгаль орчныг хог хаягдлаар бохирдуулахгүй байлгах зорилгоор үзэсгэлэнт газруудад өөрөөр хэлбэл тодорхой хэсэг газруудыг хогийн саваар тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Сумын төвөөсөө 500 метр зайд байрлах гүний худгийг ашиглалтад оруулж олон тооны малыг зэрэг услах боломжоор хангахын тулд худгийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг төлөвлөөд байгаа.

-Хөдөөгийн сумдын байшин барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан байдаг. Ер нь тохижилт, шинэ барилга бариулах ажлыг хэр зэрэг хийв?

-Манай сумын барилгууд 1975-1978 онд баригдсан, ашиглалтын хугацаа дууссан. Стандартын бус барилгад зарим төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймээс сумын хөгжил, бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж эхний ээлжинд сумын Засаг даргын Тамгын газрын шинэ барилгын ажлыг эхлүүлж, суурийн ажлыг 2019 онд хийж дууслаа.

Улаагчны хар нуур, Мухартын голыг аялал жуулчлалын бүс болгох зорилгоор цахилгаан эрчим хүчний шугам, Доной хөндийгөөс Хар нуур хүртэл 74 километр асфальт бетон хучилттай зам тавих зэрэг ажлын зураг төсвийг хийсэн байна. Манай сумын 18-р тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн 2018-2020 онд нийт 7 тэрбум 573 сая төгрөгийн сум орон нутагт шаардлагатай байгаа барилга, байгууламж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгах ажлыг хийсэн байгаа. Тухайлбал сумын цэцэрлэгийн байрны засвар, өргөтгөл, эрүүл мэндийн төвийн дотор засвар, сумын эмнэлэг дуудлагын автомашинтай болсон байна. Сумын ЗДТГ-ын барилга, Хар нуур орчмын аялал жуулчлалын дэд бүтэц төсөл, сумын сургуулийн ширээ, сандал, тоног төхөөрөмж, 240 суудал бүхий сургуулийн шинэ барилга гээд дээрх хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд байна.

Тодруулж хэлбэл Хар нуур-Үндэсний парк төсөл нь Завхан аймгийн эдийн засгийн хөгжлийн хоёр дахь том салбар болох аялал жуулчлалыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх ирээдүйтэй төсөл юм. Энэ нь байгалийн өвөрмөц тогтоцод тулгуурлан тусгай хамгаалалттай Улаагчны Хар нуур орчмын үзэсгэлэнт бүс нутгийг гадаад, дотоодын жуулчид иргэдийн очих дуртай газар болгон хөгжүүлэх зорилготой төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэхээс гадна, Завхан нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн аялал жуулчлалын бизнесийн цар хүрээ, эдийн засгийн өгөөжийг эрс нэмэгдүүлэх ажил юм гэдгийг төсөл санаачлагчид болон сумын ЗДТГ-аас харж байгаа. Төслийн хүрээнд авто зам, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлуудыг нь хийж байгаа.

 

-Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан гээд иргэдийн саналаар захиран зарцуулдаг сангуудын хөрөнгөөр ямар ажлуудыг хийсэн бэ?

-2019 онд орон нутгийн хөгжлийн сангаас 78 сая, орон нутгийн давсан орлогоос 25 сая, нийт 103 сая төгрөгийн ажил хийхээс малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-нд 10 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн мал нядалгааны цэгт 10 сая, соёлын төвийн шалны засварт найман сая, Эрүүл мэндийн төвийн шээсний анализатор аппарат авахад 2.5 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Мөн малчдыг усан хангамжаар хангах зорилгоор Зосын худагт найман сая төгрөгийг зарцуулж шинэчлэлт засвар хийжээ. Сумын төвийн хоёр худгийг ухаалаг болгох тендер зарлагдаж “Баялаг говь” ХХК шалгарч ажлаа эхлэхэд бэлэн болсон байна. Сумын төвийн эрчим хүчний 04-ийн киловаттын шугамын ажил болон иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлж зарим ажлыг 2020 ондоо үргэлжлүүлэн хийхээр ажиллаж байна.

Харин сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 13 иргэнд нийт 90 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Мөн малжуулах төсөлд хоёр иргэнийг хамруулж өөрийн гэсэн мал, амьжиргаатай болоход нь дэмжлэг үзүүлсэн. Сумандаа ажлын байрыг нэмж жижиг бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллах зорилготой хэд хэдэн ажлыг хийж байна. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, зах зээлд хамтран ажиллах түнш олоход нь сумын ЗДТГ-аас дэмжиж хамтран ажиллаж байна.

Тухайлбал малчдын борлуулсан сүү цагаан идээ, мал, мах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг аймаг, улсын хэмжээнд үзэсгэлэн худалдаагаар борлуулахад нь дэмжлэг үзүүллээ. Өөрийн сумандаа аравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Намрын өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид маань багагүй борлуулалтыг хийдэг.

-Иргэдийнхээ санаачилга дэмжлэгээр хамтран олон ажлыг зохион байгуулдаг гэлээ. Тухайлбал?

-Тийм ээ. Тухайлбал сумын төвийн ойролцоо байдаг “Бор давс” нэртэй газрыг цэвэрлэснээс гадна сумын төвийнхөө хоёр худгийг лаадаж нийт 61 га талбайн цэвэрлэгээг хийж орчноо цэвэрлэлээ. Сумын төвийн гэр хорооллын айл өрхүүд хашаа хороо, хаалгаа жигдлэх санаачилгыг өрнүүлж айл өрх бүр хашаагаа будан, зарим айлууд гүйдэг дааман хаалгатай болж сумын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулсан байгаа. Сумын төвийн гэр хороолол, гудамж талбайн гэрэлтүүлгийг цахилгаан эрчим хүч зарцуулдаггүй эко гэрлээр шинэчилсэн байгаа. Гудамж талбайн гэрэлтүүлгийг 40 сая төгрөгийн өртөгтэй байгаль орчинд ээлтэй иж бүрэн хийсэн.


Тус гэрэлтүүлгийг "Огторгуйн Цагаан Гарьд" сангаас хөрөнгө оруулалтыг гаргаж барилгын ажлыг дуусган орон нутагт хүлээлгэн өгсөн. Энэ гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр тэжээгддэг бөгөөд ухаалаг систем буюу харанхуйг өөрөө мэдэрч автоматаар асаж унтардаг юм. Тухайлбал орой бүрий болох, өглөө гэгээ орох үеийг мэдэрч асаж унтрах тохиргоотой. Мөн шөнө асах үедээ орчны хөдөлгөөнийг мэдэрч гэрэл тодорч бүдгэрдэг. Байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг ашиглаж байгаа аймагтаа анхдагч сум боллоо.

Нутгийн уугуул иргэн асан Ш.Магсарын үр хүүхдүүд, хань, ахан дүүсийн санаачилгаар “Магсар сан” гурав дахь жилдээ хандивын үйл ажиллагааг зохион байгуулж 2019 онд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”–г тохижуулж сайн үйлс бүтээлээ. Мөн тус сангаас жил бүр сум орон нутагтаа ялангуяа Ш.Магсар гуайн амьдарч байсан багийн нутагт хөрөнгө оруулалтыг жил бүр хийдэг. Тухайлбал Эрдэнэхайрхан сумын нэг оюутныг Хятад улсад суралцах сургалтын тэтгэлэгт хамруулсан байна. Мөн Баянзүрх багийн хагас өнчин малчин залууд иж бүрэн гэр бэлэглэсэн гээд жил бүр баг, сумандаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт дэмжлэгийг үзүүлдэг. Энэ ташрамд Ш.Магсарын үр хүүхдүүдэд сумын иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Мөн 2019 онд сумын нийт иргэдийн болон орон нутгийн санаачилгаар нэгдсэн хогийнхоо цэгийг түрж, 800 метр квадрат талбайн хог хаягдлыг шууж цэгцлэн хогийн гурван талбайг нэмж бэлтгэсэн байгаа. Сумын төвийн нийтийн эдэлбэр 58 га талбайд цэвэрлэгээ хийж 23 тонн хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулахын зэрэгцээ Улаагчны хар нуур, Сэнжит цохио, Мухартын гол зэрэг газарт хүрэх замыг төсөвт байгууллагуудад хуваарилан өгсний дагуу гурван удаа их цэвэрлэгээг хийж 45 тонн хогийг ангилан шатааж устгал хийсэн. 2020 онд ч мөн адил иргэдтэйгээ хамтран байгалийн үзэсгэлэнтэй газар нутгуудын эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

-Завхан аймаг сум бүрдээ хоёроос таван жижиг үйлдвэрийг байгуулна гэсэн зорилт тавьсан байгаа. Танай сумын тухайд энэ зорилтын хүрээнд ямар үйлдвэр барих төлөвлөгөөтэй байна вэ?

-Манай сум бол ноосны чиглэлийн Сартуул үүлдрийн хониороо алдартай. Энэ нөөц боломждоо тулгуурлан “Бизнес нэгдлийн дээд зөвлөл” ГҮТББ–тай хамтран ноос бэлтгэх үйлдвэр барихаар зураг төсвөө хийлгэж байршуулах газрынхаа асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн суманд  ногоон тэжээл, хүнсний ногоо тариалах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хадлангийн тоног төхөөрөмж авах хүсэлтийг уламжлаад удахгүй хүлээн авах гэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Таван толгой транс” ХХК нь 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулаад байгаа.

-Завхан аймаг 2019 онд “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилтыг хэрэгжүүлсэн. Танай сумын тухайд хэр зэрэг иргэн төвтэй ажиллав?

-Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдад айл өрхүүдийг хуваарилан хариуцуулж ажилласан. Мөн төрөөс хэрэгжүүлж буй бодлого чиглэл, мэдээ мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүргэж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад хүргэж ажилласан. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол бүр дээр тухайн асуудлыг шийдвэрлүүлэн ажиллаж байна. Манай сумын бүх төрийн байгууллага “Угтах үйлчилгээ”-г тогтмолжуулсан. Долоо хоног бүрийн даваа гаригт шуурхай хурлыг сумын ЗДТГ дээрээ зохион байгуулж хэвшсэн. Энэ шуурхай дээр байгууллагууд мэдээллээ солилцдог. Ингэснээр мэдээллийг тухай бүр иргэддээ хүргэж, иргэн төвтэй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн ажилласан. Энэ 2020 ондоо ч мөн адил дээрх жишээний хэвшсэн ажлуудаа хэрэгжүүлж ажиллана.

-Сүүлийн гурван жил аймгийн хэмжээнд “Эко Завхан” аян өрнөсөн. Энэ аянд танай сумын хувьд хэр ололт амжилттай оролцов?

- Манай сум “Эко Завхан“, “Миний  гоё  сум“ аянд идэвхтэй оролцож 2019 онд бүтээн байгуулалтын 30 гаруй ажлыг хийсэн. Тухайлбал сумын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нэг гудамжийг үлгэр жишээ болгон тохижуулахад найман сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Энэ үеэр 16 хашааг шинэчлэн, 27 хашааны хаалгыг сольж нэг загварт оруулж тохижуулсан байгаа. “Эко Завхан” аяны хүрээнд сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг хайс хамгаалалттай болгон, ил задгай хаясан хогийг булж, шинээр суваг ухаж ландфилын аргаар хогоо дарж булсан.

Мөн “Хоггүй  сум” самбар бүхий хогийн сав 30 гаруйг тахилгатай овоо болон байгалийн үзэсгэлэнт газруудад байршуулсан. Ингэснээр иргэд болон дотоодын аялагчид байгалийн үзэсгэлэнт газруудад ил задгай хог хаягдлыг хаях нь багассан. Хогийн сав байрлуулсан нь үр дүнгээ өгч байна. Тогтсон хугацаанд бид хогийн саван дахь хогийг ачиж тээвэрлэдэг. Мөн сумын төвийн эргэн тойрны гурван километр газрыг байгууллагуудад хуваарилан хариуцуулж, улиралд нэг удаа албан газар, байгууллагын эзэмшил газрын талбайгаас 300 метрт хамрагдах газрын хог хаягдлыг долоо хоног бүрийн баасан гаригт ачуулдаг. Нийтийн их цэвэрлэгээг сар бүр зохион байгуулж хэвшсэнээр эзэнгүй ил задгай хог хаягдалгүй болсон. Сумынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэд, өндөр настан, хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 120 ширхэг суулгацтай цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн зун байгуулсан. Сумын хэмжээнд 370 ширхэг модыг тарьж ургууллаа. Жил бүр мод тарих ажил эрчимтэй хийдэг.

-2019 онд танай сум малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээг хийдэг болсон гэсэн. Үр дүн нь юу байв?

-Тийм ээ. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг сумандаа хэрэглэж эхэлсэн байгаа. Энэ төсөл манай аймгийн гурван суманд л хэрэгжиж өнөөдрийн байдлаар нийт бог малын 98 хувь, бод малын 90 гаруй хувь нь антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээнд хамрагдаад байна.

Манай сумын хувьд хүнсний дотоодын хэрэгцээндээ жилд 40 гаруй мянган толгой малыг зарцуулдаг. Өнгөрсөн өвөл буюу 2018 онд гэхэд 48 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Харин 2019 онд буюу энэ өвөл 57.2 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Малчдаа орлоготой байлгах, малын махаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрүүл малын махтай байх нь чухал. Эрүүл ахуйн шаардлага хангасан махыг худалдаж борлуулах нь зүйн хэрэг. Тиймээс малын эмийг зориулалтаар хэрэглэх нь хамгийн чухал асуудал байгаа юм. “Манай нөхцөлд, ялангуяа малчдын дунд эмийг мал эмнэлгийн бус байгууллагаас худалдан авч, малын эмчийн зөвшөөрөлгүй, зааварчилгаагүй хэрэглэх явдал газар авсан нь нууц биш. 

Ингэснээр мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нь тухайн эмийн сөрөг, гаж нөлөөг илрүүлэх, бүртгэх, тэдгээрээс сэрэмжлэх, зөв хэрэглэх тогтолцоо алдагдаж, маш их хүндрэл учруулдаг. Малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу гэвэл нөлөөтэй. Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Энд эмийн үлдэгдэл гэдэгт биед шимэгдээгүй тухайн эмийн үйлчлэгч бодис, малын биед бодис солилцооны явцад үүссэн бодис, эмчилгээний зориулалтаар биш, өөр замаар биед орсон бодисууд гэх мэт зүйлс хамаардгийг анхаарах ёстой. 

Эм, химийн бодисууд нь мал, амьтны бие махбодод ороод гол төлөв дотор эрхтнүүд, булчин мах, яс, өөхөнд хуримтлагдан, өөрийн шинж чанар, үйлчилгээгээ хадгалдаг.  Ийм учраас эмийн үлдэгдэл илэрсэн л бол хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Жишээ болгон хэлэхэд, ивомекийн төрлийн 40 орчим бэлдмэлүүд Монгол Улсын мал эмнэлэгт хэрэглэгдэж байна. Эдгээр эм бүгд хэрэглэх заавар, санамжтай. Гэвч энэ бэлдмэлийг малчид өөрсдөө маш буруу хэрэглэж ирсэн. Ерөөсөө ивомекийг малын хосгүй сайн бэлдмэл гээд ойлгочихсон. Тийм учраас малын эмчид ханддаггүй. Өөрсдөө зах дээрээс худалдаж аваад л малдаа тарьчихдаг. Уг нь өвчин үүсгэж байгаа паразитын биологитой нь холбож хэрэглэх ёстой. Гэтэл манай малчид жилийн дөрвөн улиралд малдаа хэрэглэж байна. Тэр байтугай паразитын өвчний үед ч биш, малд өвчний шинж тэмдэг илэрмэгц хэрэглэчихдэг” хэмээн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболд гэдэг хүн ярилцлага өгснийг уншсан. Тиймээс л бид малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах тест гэж их чухал юм гэдгийг ойлгосон. Ер нь малын эмийн үлдэгдлийг сумын мал эмнэлэг, нядалгааны газар, эсвэл мах, сүүний үйлдвэрт анхлан илрүүлэх сорилын аргууд байдаг юм билээ. Эдгээр нь ямар нэгэн эмийн үлдэгдэл байна гэдгийг хэлээд өгнө. 

Мөн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториуд, хүнсний үйлдвэрүүд тухайн үлдэгдэл үүсгэсэн эм нь ямар төрлийн, аль ангиллын, ямар эм байна гэдгийг нэг бүрчлэн тодорхойлж өгдөг юм байна лээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал эмнэлгийн эргэн мэдээлэх, мөшгөн тандах цахим систем”-ийг 2019 оноос нэвтрүүлж, маш амжилттай хэрэгжиж байна. Манай хийсэн ажил бол мөшгөн тандах үйл ажиллагаа юм. Ингэснээр малын мах эмийн үлдэгдэлгүйгээр иргэдэд очих боломж бүрдэнэ. Орчин үед технологиор мөшгөөд хаанаас, хэний, ямар малд, эсвэл малын ямар түүхий эдэд ямар эмийн үлдэгдэл илрэв гээд олчихдог болсон учраас манай малчид илүү хариуцлагатай байх шаардлага тулж байна. Ер нь энгийн иргэн антибиотиктой махыг хараад таних аргагүй шүү дээ. Тиймээс малчдынхаа санал хүсэлтээр “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг сумандаа хэрэглэж эхэлсэн. Үр дүнд нь манай малчид бүртгэлгүй эм хэрэглэхээс татгалздаг болсон. Бас малын өвчингүй эрүүл бүс нутаг гэдгээ Завхан аймаг зарлаж малын махаа экспортолж байгаа шүү дээ. Тиймээс малчид өөрсдийн гэсэн мэдлэгтэй болж малын махаа эрүүл гэсэн тодорхойлолттой болгоод авбал худалдаж борлуулах, өөрсдөө хүнсэндээ хэрэглэхэд санаа зовохгүйгээс гадна малчдын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлж байгаа.

Нэмж хэлэхэд манай сум 363.6 мянган бэлчээрийн талбайтай, 318 малчин өрхтэй. 2019 онд сумын ИТХ-ын шийдвэрээр малчид бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших төлөвлөгөө гарган мөрдүүлж хэвшээд байгаа. Ингэж бэлчээрийг зөв зохистой хуваарийн дагуу эзэмших нь бэлчээрийн доройтлоос сэргийлээд зогсохгүй, бэлчээрийг өнжөөснөөр ургамлын ургалт сайжрах, нөхөн сэргээгдэх боломжийг бүрдүүлээд байгаа юм.

-Аймгийн говийн бүсийн сумдад өвөлжилт хэвийн байгаа. Гэсэн хэдий ч мал аж ахуйн  өвөлжилтийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Манай сумын нийт нутгаар тав, зургаадугаар сард газрын гарц хэвийн гарч улмаар долоо, наймдугаар сард хур бороо багатай, нийт нутгаар гандуухан байсан. Газрын гарц муудсан боловч ес, аравдугаар сард хур бороо ихтэй дулаахан налгар сайхан намар болсон. Малчид, иргэд өөрийн нөөц бололцоогоороо 150 тонн өвс, 35 тонн гар тэжээлийг бэлтгэж нөөцөлсөн. Сумын хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 300 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. 2019-2020 онд отрын бүс нутаг болон өөрийн аймгийн бусад суманд 22 өрхийн 21 мянган толгой мал өвөлжих хүсэлт ирүүлсний дагуу аймгийн удирдлага болон отрын бүс нутгийн захиргаанд уламжлан хамтран ажиллаж байна. Мал аж ахуйн өвөлжилт хэвийн, сайхан байна. Энэ жилийн мал тооллогоор манай сумын мал 5.4 хувиар өсөж 219698 толгой малыг тоолууллаа. Мал таван төрөл дээрээ өссөн байна. Адуу гэхэд түм хүрчээ. Мянгат малчны тоо 79-д хүрлээ. Өнгөрсөн жил 72 мянгат малчин өрхтэй байсан.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ