"MFC-3” холимог тулаан Ерөнхий сайдын ивээл дор болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-07 16:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор “АСА цирк”-д хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулна.


Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулах бөгөөд анхны тэмцээн нь энэ юм байна. Энэхүү тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залууст болон олон нийтэд мэргэжлийн спортыг эергээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.


Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцоно. Тухайлбал, 2019 оны 6 дугаар сард “MFC” холбооны аваргын бүсийн төлөө тулалдаж байсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нар дахин тулалдах нь энэ удаагийн тэмцээний оргил байх юм. Мөн Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гадны тамирчидтай нударга зөрүүлнэ.


Сүүлийн жилүүдэд манай үзэгчид “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсноор хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ нэмэгдэж, Монгол Улсаас ч олон шилдэг тамирчин төрөн гарч байгаа билээ. 

Холбоотой мэдээ