Зүүн хойд Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-03 16:34:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын "NEAR" холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  

Төлөөлөгчид 2020 онд Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулах зорилготой манай улсад иржээ. Энэ талаар ноён Ким Уг Чэ санал тавилаа. 

Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нийгэм эдийн засагт гарч буй ахиц дэвшлийн талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагуудаас бүх талаар дэмжинэ гэв.

NEAR холбоо нь Зүүн хойд Азийн 6 улсын засаг захиргааны томоохон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааны байгууллага юм байна. 

Ирэх 2021 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Монгол Улс 1996 оноос эхлэн NEAR холбоотой түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ