Австралийн мужид гурав дахь удаагаа онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-03 09:13:31

КАНБЕРРА. /ABC/. Австралийн зүүн өмнөд нутгийн Шинэ Өмнөд Уэльс мужид дэгдэж буй ойн түймэр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд улам газар авах төлөвтэй байгаатай холбогдуулан тус мужид долоо хоногийн онцгой байдал зарласан байна.


Онц байдлын хугацаа өнөөдрөөс буюу баасан гарагаас мөрдөгдөж эхлэх бөгөөд мужийн эрх баригчид сонор сэрэмжтэй байхыг оршин суугчид, жуулчдад хандан уриалжээ. Шинэ Өмнөд Уэльс мужид ойн түймэр дэгдсэнээс хойш гурав дахь удаагаа онцгой байдал тогтоож буй нь энэ юм. Сүүлд 2019 оны 12 дугаар сард онцгой байдал зарлажээ.


Энэ амралтын өдрүүдэд агаарын температур Цельсийн 40 хэм хүрэх төлөвтэй байгаа тул хуурай агаар, хүчтэй салхины улмаас түймэр улам газар авж болзошгүй хэмээн Цаг уурын газрын мэргэжилтнүүд таамаглаж байна. Шинэ Өмнөд Уэльс даяар өнгөрсөн 11 дүгээр сараас хойш түймэр дэгдэж эхэлсэн бөгөөд шинэ он гарсаар 3 хүн амиа алдаж, 380 байшин сүйджээ. 

Холбоотой мэдээ