Хүүхэд оролцсон гэмт хэрэг 3.4 хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-30 14:30:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон 2019 онд хийсэн ажлаа иргэд олон нийтэд тайлагнав.

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, байгууллагаас дэвшүүлсэн зорилт, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх зорилгоор “Тайлант хурал зохион байгууллаа.

Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Ховд аймаг дахь Цагдаагийн газар энэ онд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2485 гомдол бүртгэжээ. Мөн саатуулах байранд эрүүлжүүлсэн 1513 тохиолдол байгаа аж.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг хором”, “Хурд”, “Бяцхан зорчигч”, “Оюутан тээвэр” зэрэг 22 нэгдсэн үйл ажиллагааг аймаг орон нутгийн хэмжээнд амжилттай зохион байгуулжээ.

Ингэснээр зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 10.4, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 5.4, гэр бүл хүчирхийлэл 44.4 хувь  тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Гэвч нийт гэмт хэргийн гаралт 44.4 хувь, хүүхэд оролцсон гэмт хэрэг 3.4 хувиар өссөн гэж албаныхан мэдээллээ.  

Хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараар хамт олноо манлайлсан албан хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгов.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны ажил мэргэжлийн аварга тасгаар Мөрдөн байцаах тасаг” шалгарчээ.

“Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр Ховд сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Еркенбек, Буянт сумын хэсгийн цагдаа Б.Батрдэнэ, Ажил мэргэжлийн аварга албан хаагч”-аар ахмад мөрдөгч Х.Абдулбек, Д.Золзаяа, дэслэгч Д.Бат-Эрдэнэ, ахмад Т.Цэрэндулам, ахлах дэслэгч, эрүүгийн мөрдөгч Б.Ганбаатар, цагдаа жолооч Ч.Дашбал, харуулчин ахлагч Т.Эрдэнэчулуун, мэдээлэл судалгааны ажилтан М.Анхбаяр, ахлагч Н.Отгонбаяр, дэслэгч, Б.Батрдэнэ, Б.Мөнхтулга нар тус  тус тодорлоо.

Харин “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад М.Лхагвадорж, цагдаагийн ахлах ахлагч З.Жамьяандорж нар тодров.

Холбоотой мэдээ