2020 онд хөгжмийн салбарт тохиох онцлох үйл явдлууд

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-12-30 14:11:44

ЛОНДОН. /BBC/. Ирж буй 2020 онд хөгжмийн салбарт болох томоохон үйл явдлуудыг Их Британийн “BBC” суваг онцолсон байна.


Аделийн цомог

Өнгөрсөн 10 дугаар сард Америкийн дуучин Лейди Гага дараагийн цомгоо “ADELE” хэмээн нэрлэх болно хэмээн “Twitter” хуудсандаа жиргэсэн боловч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бол Английн дуучин Аделийн хувьд дөрөв дэх цомгоо ирэх онд дуусгана гэдгээ мэдэгджээ. 2017 онд дэлхий даяар аялан тоглосноосоо хойш нам жим байсан Адель дуу бичлэгийн студид эргэн ирсэн талаар түүнтэй ойр эх сурвалжууд мэдээлсэн байна.



Бондын шинэ анги, шинэ дуу

Ирэх дөрөвдүгээр сард Жеймс Бондын 25 дахь цуврал нээлтээ хийнэ. Ингэснээр “No Time To Die” нэртэй ангид тохирох шинэ дуу ч мөн үзэгчдийн хүртээл болно. Английн дуучин Эд Ширан шинэ ангийн дууны аяыг зохиосон тухайгаа 2017 онд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Түүнчлэн алдарт цуврал киноны дууг дуулж магадгүй хүмүүсийн жагсаалтад Дуа Липа, Лиам Галлагер, Леди Гага, Лана Дель Рей, Идрис Элба нар багтаж байна.



Канье Вест ерөнхийлөгчийн албаны төлөө өрсөлдөх үү?

“2020 онд би бүх сонгуульд өрсөлдөнө” гэж Америкийн рэпер Канье Вест 2016 онд гаргасан “Facts” нэртэй дууныхаа үеэр дурджээ. Тэрбээр Цагаан ордны эзэн болохыг эрмэлзэж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан боловч ирэх онд Дональд Трамптай өрсөлдөхөд бэлэн болов уу? К.Вест “Jesus Is King” нэртэй сүүлд гаргасан цомогтоо "Би өрсөлдөхгүй. Би үргэлжлүүлэн алхана” хэмээн хэлсэн нь түүний улс төрийн төлөвлөгөө 2020 онд бус 2024 онд хэрэгжиж магадгүйг илэрхийлжээ.



Glastonbury” наадмын 50 жилийн ой

Ирэх онд Английн “Glastonbury” хөгжмийн наадмын алтан ой тохиож, Тейлор Свифт, Пол Маккартни, Диана Росс тэргүүтэй алдартай дуучид уран бүтээлээ толилуулна. Зохион байгуулагчид энэ удаагийн наадмыг өвөрмөцөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Кендрик Ламар, “Guns N 'Roses”, Ариана Гранде, “Arctic Monkeys”, Мадонна, “The 1975” нар мөн дуулж магадгүй ажээ.



Рианнагийн регги цомог

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Рианна цомог гаргахаас бусад бараг бүх зүйлийг хийжээ. Тэрбээр загварын эзэнт гүрнээ бий болгож, нүүрний будагнууд худалдаанд гаргаж, жүжигчний карьерээ тэлсэн байна. Харин Барбадосын дуучны уран бүтээлүүдийг хүлээж байдаг шүтэн бишрэгчдийн хувьд тэдгээр нь хангалтгүй байжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард Рианна “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр регги цомгийн талаар дурджээ.



Томоохон аялан тоглолтууд

Ирэх нэгдүгээр сарын сүүлээр Америкийн дуучин Мадонна Их Британид тоглоно. Мөн тэрбээр АНУ-аар аялан тоглохоор төлөвлөж байна. Мөн Их Британийн дуучин Стормзи Англи, Ази, Австрали, Шинэ Зеланд, Хойд Америк, Африкт 55 хоногийн аялан тоглолт хийнэ. Түүнчлэн 2019 онд өндөр амжилт гаргасан Билли Айлиш болон Аланис Мориссете нар тоглолтынхоо талаар мэдээлээд байна.



Бетховений мэндэлсний 250 жилийн ой тохионо

Агуу хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен 1770 онд Германд төрсөн боловч түүнийг олон жилийн турш 1772 онд төрсөн хэмээн үзэж байжээ. Алдарт хөгжмийн зохиолчийн мэндэлсний ойд зориулан дэлхий даяар олон арван арга хэмжээ зохион байгуулах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ