Өндөрлөг цэгт "ЗИЛ 131" автомашинаар сайжруулсан түлш хүргэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ долоо хоногт “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан. Энэ үеэр өндөрлөг газар аж төрж буй иргэдэд сайжруулсан түлшээ татахад нь туслах ажлыг зохион байгуулах үүрэг өгсний дагуу 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131) автомашинаар түлш түгээж эхэлсэн юм.
Нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал үүсээд буй. Тиймээс түлшээ гэртээ хүргэх боломжгүй хүүхэд, ахмад настнуудын гэрт түлш буулгах ажил үргэлжилж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар: “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжүүлж байна. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131) автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” хэмээсэн юм.