“Huawei” компани “Google”-ийг орлох хавсралтуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-12-25 15:14:11

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани “Google” компанийн үйлчилгээнүүдийг орлох хавсралтуудыг хөгжүүлэхээр Энэтхэгийн программ хангамж хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж эхэлжээ.  


АНУ-ын засаг захиргаа компаниудтайгаа тусгай зөвшөөрөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хар жагсаалтад Huawei” компанийг оруулсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.  


Huawei” компанийн “Harmony” үйлдлийн системийг нэвтрүүлэхэд шаардлагатай технологи бэлэн болсон боловч зарим хавсралт дутагдалтай байгаа аж. “Huawei” компанийн мэргэжилтнүүд үйлдлийн системдээ бүрэн тохирсон 150 орчим хавсралтыг бүтээхийн тулд Энэтхэгийн программ хангамж хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа ажээ.


Энэ оны наймдугаар сард анх олон нийтэд танилцуулсан Harmony” үйлдлийн систем нь “Google” компанийн “Android” үйлдлийн системийг орлох юм. “Байршлын мэдээлэл, төлбөр тооцоо, тоглоом, зурвас зэрэг гол хавсралтууд тун удахгүй бэлэн болох бөгөөд хэрэглэгчдэд “Huawei” болон “Google” компанийн үйлчилгээнүүдийн хооронд нэг их ялгаа мэдрэгдэхгүй” гэж “Huawei” компанийн Энэтхэг дэх төлөөлөгч Чарьз Пэн “Economic Times” сонинд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ