Дэлгэрхаан сумын төвийн хүүхдүүд СӨБ-д 100 хувь хамрагдаж эхэллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-23 18:19:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор тус сумын төвийн СӨБ-ын хамрагдалт 100 хувь болжээ.

Тэртээ 1968 оны есдүгээр сарын нэгэнд тус суманд анхны цэцэрлэгийг байгуулж, 25 хүүхэдтэй дөрвөн орон тоотой ажиллаж эхэлсэн түүхтэй. Өдгөө шинэ цэцэрлэгтэй болсноор СӨБ-ын дөрвөн бүлэг, 100 хүүхэдтэйгээр, хуучин цэцэрлэгтээ хоёр бүлэг, 50 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, нийтдээ хоёр цэцэрлэгт СӨБ-ын 150 хүүхэд хамруулж эхэлснийг цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгорсүрэн сонордууллаа.

Хоёр давхар, 1500 м.кв талбай бүхий уг цэцэрлэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас захиалан бариулсан бөгөөд улсын төсвийн нэг тэрбум 424,1 сая төгрөгөөр “Баатар Шүтээн уул” ХХК долоон сарын хугацаанд барьж, ийнхүү ашиглалтад оруулсан байна.

Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн хэмжээнд баригдаж эхэлсэн долоон цэцэрлэгийн нэг нь энэ юм. Сүүлийн үед баригдаж байгаа цэцэрлэгүүдийн зураг төсөв нь ангиасаа гадна унтлагын өрөөтэйгөөр төлөвлөгдөж, баригдаж байгаагаараа онцлог аж

Холбоотой мэдээ