Чөлөөт бөхийн шилдгүүдийг урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-18 16:13:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн цэнгүүн “Сити” цамхгийн “Хөвсгөл Лэйк” ресторанд болж оны шилдгүүдээ шагнаж урамшуулсан байна.


Шинэ жилийн цэнгүүнд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчид болон багш дасгалжуулагч, бөхийн зүтгэлтнүүд, шүүгчид оролцов. Энэхүү баярын үеэр 2019 оны Казахстаны Нур-Султан хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпын наадмын эрхээ авсан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгт 15 сая төгрөгөөр шагнасан юм.


Харин ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдор, Б.Болортуяа, залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударь нарыг тус бүр тав, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Ө.Пүрэвсүрэнд дөрөв, хүрэл медальт Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нарт гурав, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэлийг нэг сая төгрөгөөр шагнажээ.


2019 оны шилдгийн шилдэг дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, П.Чулуунбаатар нарыг нэг сая, шилдэг дасгалжуулагч, гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчин, ахмад дасгалжуулагч П.Сумьяа, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг 500 мянга, шилдэг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нэг сая, шилдэг улсын шүүгч Л.Жаргалсайхан нарыг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулав.


МЧБХ-ны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтэн бүхий нийт 44 хүнд тус бүр 200 мянган төгрөгөөр урамшуулсан юм. Мөн зарим дасгалжуулагч, шүүгчдийг МҮОХ-ны “Олимпын алдар”, БТСГ-ын “Спортын алдар” тэмдгээр шагналаа.


Хэдхэн хоногийн дараа айлчлан ирэх 2020 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд өндөр хариуцлагатай жил хүлээж байгаа бөгөөд Токиогийн олимпын наадмын олон эрх авч, олимпын наадмаас авч чадаагүй алтан медаль авахын төлөө зүтгэхээр хамтдаа тэмүүлж, зорьж байгаа юм.









Холбоотой мэдээ