Лавровын цэнхэр жинс Монголд дипломат асуудал үүсгэв үү?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-19 14:55:04

ТОКИО. /Thediplomat/. Удаан хугацаагаар онгоцоор нисэх нь хүндхэн даваануудын нэг билээ. Толгой тархи нь манарсан байдалтайгаар таниж мэдэхгүй улсад ирээд онгоцноос бууж буй сахал үсээ хусаагүй, нүд нь улайж ядарсан зорчигчдыг бид олонтоо харж байсан. Аялах үедээ зүдэргээ ядаргааг бага мэдрэхийн тулд би “CNN”-ийн аяллын зөвлөгөөг байнга дагаж, биед эвтэйхэн цэнхэр жинсэн өмд өмсдөг. Миний хувьд энгийн ангиллын суудлаар зорчдог л доо, гэхдээ хэрвээ би өөрийн гэсэн нисэх онгоцтой байсан бол газардахаасаа өмнө илүү хүндэтгэл үзүүлэх үүднээс хувцсаа солихыг урьтал болгох байлаа. Тэр тусмаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оронд байсан бол, улаан хивс дэвсэн угтан авч буй Монголд ирж байгаа бол. 

Алдаа, эндүүрэл, санаатай байсан, зөрүүдэлсэн гэх мэт Лавровын талаарх элдэв мэдээлэл хөвөрсөөр. Сошиал хэвлэл мэдээллийн эрин үед ийм төрлийн байгууллагууд газар сайгүй байдаг учир "хүмүүс үүнд л гол анхаарлаа хандуулна шүү дээ" гэдгийг бодолцох хэрэгтэй. “Foreign Policy” сэтгүүлд Сергей Лавровыг гайхамшигтай авьяастай хүн гэж дүгнэсэн байх бөгөөд үүнээс үзвэл С.Лавров “Чингис хаан” нисэх онгоцны буудалд энэ сарын 14-нд буухдаа эзэн хаант улсын үеийн цэргийн дүрэмт хувцас өмссөн Монголын хүндэт харуулуудын дэргэдүүр явахдаа жинсэн өмд өмсөж болохгүй гэдгийг мэдвэл мэдэхээр эв дүй, мэдрэмжтэй, туршлагатай хүн гэж та бүхэн бодож байсан байх.

Гэвч жинсэн өмдтэй зураг цацагдсантай зэрэгцэн жигшин буруушаах сэтгэгдлүүд мөн газар авсан. Улс төрийн тоймч, Ардын намын улс төрч Б.Цогтгэрэл нийгмийн сүлжээнд газар авч буй уг сэдвийг дүгнэн бичихдээ “сантехникийн засвар хийх үедээ гэртээ угладаг хувцсыг өмсөж угтан авах ёслолд оролцсон нь үл хүндэтгэсэн, үл тоомсорлосон хэрэг бөгөөд нэг үгээр хэлбэл доромжлол юм. Лавров айлчлахдаа жинс өмссөн нь олон улсын тавцанд Монголын нэр хүнд ямар байгааг харуулсан” гэжээ. Гэвч Лавров дараа нь энэ алдаагаа засах гэж хичээж, Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа өөгүй сайхан албаны хувцас өмссөн байсан нь түүний талаарх олон нийтийн шүүмжлэлийг багахан намжаасан юм. Энэ айлчлал нь Орос-Монголын харилцааг бэхжүүлэхэд чухал үйл явдал байсан хэдий ч Монголын олон нийт үүнийг харах сөхөө байсангүй. Тэд үл тоосон байдлыг л олж харав.

Монгол Улс Евразийн хүчирхэг гүрэн байх үед Чингис хааны байгуулсан агуу их эзэнт гүрний тухай дурсамжаар монголчууд өнөөдөр амьдарсаар.  Харин 800 жилийн дараа Чингис хааны үр удам бүхэлдээ ядуурч, БНХАУ, ОХУ гэсэн хоёр том хөршөөс бүрэн хамааралтай болсон билээ. Энэ ч утгаараа монголчууд ялихгүй зүйлд хэт мэдрэмтгий болсон байж магадгүй. Тэд дээрэлхүү, үл хүндэтгэсэн байдлыг олж хардаг, хамгийн гэмгүй хайнга явдлыг ч гэсэн санаатай доромжлол гэж үздэг. Лавров энэ талаар илүү сайн мэдэх ёстой байжээ.

Лавров үнэхээр мэдэж байх ёстой байсан. Жишээ нь, өнгөрсөн оны тавдугаар сард Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор ОХУ-ыг зорьж, ялалтын парадын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс нэлээд хол зайд сууж байсныг Монголын тоймчид анзааран харж өлгөн авч байсан билээ.

Мөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлах үеэрээ хүндэтгэл үзүүлж, Д.Нацагдоржийн бичсэн шүлгийн хэсгээс иш татан “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж уншсан тухай мэдээлэл гарсныг Лавров санах ёстой байсан юм. Монголын алдартай шүлгээс иш татах нь юуны буруу гэж? БНХАУ-ын Төрийн ёслолын албаныхан монголчууд эмзэг гэдгийг болон Монголын газар нутагт төрсөн гэж Си Зиньпин хэлснийг Монголын хэвлэл мэдээллийнхэн жигших байсныг тооцох ёстой байв. 

Эцэст нь Лавров АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад 2011 оны есдүгээр сард тохиолдсон азгүй нэгэн үйлдлээс сургамж авч болох байсан. Тухайн үед олноороо авахуулсан зурагт Обама гараараа Ц.Элбэгдоржийн нүүрийг халхалсан байжээ. Юу болсныг Обама ч хүртэл өөрөө санахгүй байж магадгүй. Гэвч түүний гаргасан энэ хайхрамжгүй байдлыг монголчууд санасаар, доромжлолын хамгийн гүн гүнзгий хэлбэр хэмээн үзсээр байна.

Асар их үндсэрхэг үзэлтэй, маш омог бардам Монгол зэрэг улсад ялихгүй багахан зүйл ч гэсэн томоохон асуудал болж хувирдаг. Монголчуудтай энэ тал дээр зохицож байхын тулд ялихгүй зүйл дээр ч тэр, протоколын арга хэмжээ, ёслолын үеэр ч тэр байнга хянуур байх нь зүйтэй. Өөрийнх үйлдэл цаагуураа доромжлол, муу санаа агуулаагүй гэдэгт хэн ч итгэлтэй байх боломжгүй. Лавровын Монголд гаргасан жижиг санамсаргүй алдаанаас нэг сургамж авах ёстой нэг зүйл бол  "хөрш орноо хүндэтгэх" явдал юм. Хөрш орнууддаа шахалт үзүүлж байдаг хүчирхэг орнуудын нэгэн адилаар ОХУ-ын хувьд энэ сургамжийг тусган авахад цаг хугацаа хэрэгтэй болно.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ