Улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 14:06:30

Цэцэрлэг хотноо Архангай аймгийн ардын намын ээлжит гуравдугаар хуралдаан, Ардчилсан холбооны ээлжит бус хурал энэ сарын 15-ны өдөр тус тус боллоо.

Ардын намынхан  хуралдаанаар ИТХ-ын сонгуульд хэрхэн яаж оролцох асуудлыг ярилцсан сурагтай. Тус хуралдаанд сурвалжлагчид болон гадны ганц ч хүнийг оруулсангүй.

Архангай аймгийн Ардчилсан холбооны хуралд сум бүрээс ахмад, залуучууд, эмэгтэйчүүд болон Ардчилсан намын төлөөлөл дөрвөн хүн оролцлоо. Энэхүү хурлаар аймаг, сумын  МоАХ-ны салбарыг үүсгэн байгуулагч анхдагч гишүүд хийгээд чуулганыхаа гишүүдэд батламж, үнэмлэх гардууллаа.

МоАХ-ны шинэ дүрмийн төслийг танилцуулж, тэдний саналыг авснаас гадна аймгийнхаа Ардчилсан холбооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлав. Чуулганы гишүүдээс удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинэчиллээ. МАН, МАХН, ИЗНН-аас тус хуралдаанд гишүүд оролцлоо. Хуралдааныг орон нутгийн телевизээр шууд дамжууллаа. Ийнхүү хаалттай, нээлттэй хурлууд өндөрлөв.                                                                                                                          

         Архангай аймаг. Л.Булган

Холбоотой мэдээ