“Ойлгоё-Хүндэлье” үйл ажиллагаанд 20 гаруй мянган иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-17 10:23:08

Завхан /МОНЦАМЭ/. Улс орон даяар хэрэгжүүлсэн "Ойлгоё- Хүндэлье" урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаанд Завханд давхардсан тоогоор 56 байгууллага, сумын 20 гаруй мянган иргэн хамрагдан нэгджээ.

Гэр бүлийнхээ төлөө энэхүү ажлын хүрээнд Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид аймагтаа аяныг түүчээлж хамгийн түрүүн нэгджээ. Тус байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлөвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

"Ойлгоё- Хүндэлье" урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, ГХУСАЗСЗ, "Хүчирхийллийн эсрэг хамтын хүч" ТББ-тай хамтран 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион явуулжээ.  

Улсын хэмжээнд зохион байгуулсан “Ойлгоё-Хүндэлье” нөлөөллийн үйл ажиллагааны нээлтийг Монгол Улсын анхны сум болох Алдархаанд хийж, иргэдэд сургалт мэдээлэл өгч “Ойлгоё-Хүндэлье” аяны хүрээнд бэлдсэн тараах материал 150 ширхэгийг тарааж, 100 орчим иргэн хамрагдсан байна.

Хүүхдүүдийнхээ хоолны илчлэг чанарын

талаарх мэдлэгтэй болжээ

Завханы Цагдаагийн газраас аймгийн бага насны хүүхдийн хоол тэжээлийн илчлэгийн талаар эцэг, эх, сурагчдын дунд сургалт хийж 600 орчим иргэн оролцсон байна хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Сургалтад оролцогчид илтгэгч нараас хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал сэтгэгдлээ солилцлоо. Тус сургалт нь холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хүүхдийн хоол, шим тэжээлийн талаар нэгдсэн ойлголттой болгох, байгууллага хоорондын ажлыг сайжруулахад эцэг эхчүүд хамтран оролцоход нөлөөлөх үр дүнтэй ажил боллоо.

Хүний амьдралын хэрэгцээ их байх боловч тэдгээрээс хамгийн чухал нь хооп хүнс юм. Учир нь аливаа хун сурч боловсрох, хооллох; хувцаслах, хөдөлмөрлөх, унтах, ярилцах, ном сонин унших, тоглох, зурагт үзэх, радио сонсох, дуулах, бүжиглэх зэрэг бүхий л үйл хөдлөлдөө хоногийн туршид тодорхой хэмжээний илчийг зарцуулж байдаг бөгөөд энэхүү зарцуулсан илчээ зөвхөн хоол хүнсээрээ нөхөн авдаг тухай ойлголтыг иргэд авчээ. Тиймээс цэцэрлэг, сургуульд өгч буй хоол нь таны хүүхдийн өдөрт авах ёстой илчлэг, хэмжээг нөхөж чадаж байна уу. Энэ тал дээр хэрхэн яаж анхаарал хандуулах вэ гэхчлэн мэдээллүүдийг иргэд тус сургалтаас мэдэж авчээ.

Тухайлбал цэцэрлэгт өдрийн турш өгөх хоол, хөнгөн зуушаар сургуулийн өмнөх насны хүүхдийн өсөлт хөгжил болон эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоногийн нийт илчлэг, тэжээлийн бодисуудын 80 хувийг хангах ёстой. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудалд улс болон эцэг эхчүүдийн аль аль нь анхаарах нь зүйтэй юм. Ингэснээр гэр бүлээ хайрлах, ойлгох нөлөөллийн ажлын бас нэг онцлог үйл ажиллагаа боллоо хэмээн тус Цагдаагийн газраас дуулгав. Үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Хүчирхийллийн эсрэг хамтын хүч төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

“Ойлгоё-Хүндэлье” нөлөөллийн ажил байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулав

“Ойлгоё-Хүндэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд нийт 12 томоохон үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эдгээр ажилд давхардсан тоогоор 20 гаруй мянган иргэн нэгдэж 800 орчим хүүхдэд мэдээлэл өглөө. Аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон аймгийн хэмжээний 56 төрийн байгууллагын ажилтнуудад сургалт хийсэн байна. Шийдвэр гаргах түвшний эмэгтэй удирдлагуудыг тус үйл ажиллагаанд нэгдүүлж эмэгтэйчүүдийг уриалан манлайлж ажиллах, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг нийгэмд үлгэрлэхийг уриаллаа. Зөв хүн аз жаргалтай гэр бүл хэлэлцүүлгийг залуу гэр бүлүүдийн дунд зохион явууллаа. “Хүүхдийн дуу хоолойг сонсъё” чуулганыг мөн хамтран зохион байгуулж хүүхдүүдийн үзэл бодол, санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшний удирдлагуудад саналын хайрцгаар авч хүргүүллээ. Хүчирхийлэл  үйлдэгдэх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд гэр бүлийн өмнө хуулиар үүрэг хүлээсэн анхан шатанд ажиллаж буй салбар зөвлөлүүд, хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, зөвлөн туслах, хяналт үнэлгээ хийх нэгдсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ ажилд аймгийн хэмжээний хүчний байгууллагууд, 24 суманд үйл ажиллагаа явуулж буй, Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан баг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөлүүд оролцлоо. Аймгийн хэмжээнд ажиллаж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд жилийн ажлын тайлангаа тавьж цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцлоо.

Мөн үйл ажиллагааныхаа алдаа дутагдалтай тал, анхаарах асуудлуудаа ч хамтдаа ярилцаж шийдвэрлэсэн гээд нөлөөллийн ажлыг үр дүнтэй хийлээ. Эдгээр нь мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулсан, олон нийтийг хамарсан, үр дүнтэй болсноороо онцлог болов. Зарим мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сэргээж, идэвхжүүлсэн хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Цаашид нөлөөллийн ажлыг үргэлжлүүлэн хийх аж. 

Холбоотой мэдээ