Галуут, Түмэнцогт, Цагааннуур, Зэрэг сум улсын тэргүүний сумаар шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-19 13:06:13

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Цээпил өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд тэргүүний дөрвөн сумыг шалгарууллаа. Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтлоо.

Эдгээр сумд нь эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан ажлаа 90-ээс дээш хувийн биелэлттэй хэрэгжүүлж, орон нутгийн төсөвт орлого төвлөрүүлсэн, сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй, эрчим хүчний хангамжийн асуудлаа шийдвэрлэж жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлсэнээр шинэ ажлын байр бий болгосон, дэд бүтцээ сайжруулж барилгажилт бий болгосон зэрэг амжилттай ажилласан байна" гэв.

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, 2 жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон байдаг ба энэ хүрээнд дээрх 4 сумыг шалгаруулсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ