Шинэ Зеландад галт уул дэлбэрэх үеэр амиа алдсан хүмүүсийн цогцсыг олжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-12-13 12:42:38

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландын Цагаан арал дахь галт уул дэлбэрэх үеэр амиа алдсан зургаан хүний цогцсыг тус улсын цагдаа нар олсон байна.


Тус улсын цагдаагийн газраас мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн цогцсыг одоогоор “Wellington” харуулын хөлөг онгоцоор тээвэрлэж байгаа аж.  


Окленд хотоос өмнө зүгт 270 км зайтай газар Пленти буланд оршдог Цагаан арлын Вакари галт уул энэ сарын 9-нд дэлбэрсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь болон уг арал дээр 47 хүн байсны дунд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, АНУ, БНХАУ болон Малайзын жуулчид байжээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсаны долоо нь эмнэлэгт нас барсан бөгөөд мөн 30 хүн гэмтсэн байна. Түүнчлэн найман хүн сураггүй алга болсонд тооцогдож байсан боловч эрх баригчид тэднийг амиа алдсан гэж мэдэгдээд, цогцсыг нь хайх ажиллагаа явуулж эхэлжээ.


Одоогийн байдлаар Шинэ Зеландын түлэнхийн төвд  17 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 13-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Мөн 11 хүнийг Австралийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд гурав нь эмнэлгээс гарсан байна.


Цагаан арал нь жуулчид хамгийн их очдог галт уулын арлуудын нэг бөгөөд Шинэ Зеланд дахь цорын ганц идэвхтэй галт уулын арал юм. Өмнө нь уг арал дахь галт уул 2012 оны сүүл 2013 оны эхээр дэлбэрч байжээ. 


Холбоотой мэдээ