Монголын спортын 2019 оны онцлох амжилтууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-11 13:37:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2019 онд Монголын спортын ертөнцөд дэлхий, тивийн болон олон улсын уралдаан тэмцээнд улс орныхоо нэрийг гаргасан томоохон амжилтуудыг онцлон дурдаж байна.


Монголын багийн спортынхон ТОП хэмээгдэх спортын төрлүүдийн өмнө орж цойлсон түүхэн амжилтуудыг гаргасан гэдгээрээ "2019 он" онцлогтой жил болсон билээ. Сагсан бөмбөгийн спорт Монголд 60 шахам жилийн өмнөөс хөгжиж, хүүхэд, багачууд бага наснаасаа энэ спортоор хичээллэж, тоглож өссөн билээ. Харин тив, дэлхийн хэмжээнд томоохон амжилт гаргасан нь тун ховор. Сүүлийн жилүүдэд сагсанбөмбөгийн спортоор тэр тусмаа 3х3 төрлөөр өсвөр, залуу үеийнхэн олон улсад төдийгүй тив дэлхийд танигдаж, амжилт нь эрс дээшилсээр байгаа юм. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид 2019 онд тоглолтын ур чадвар, амжилтын чансаагаараа олимпын эрхийн болзлыг хангасан гэж болно



Үүнийг батлан харуулж, 2019 оны 11 дүгээр сарын 01-нд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг зарлахад Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг албан ёсоор авсан билээ. Тэд Монголын багийн спортын түүхэнд олимпын эрхийг ийнхүү анх удаа хүртсэн баг тамирчид болж байна. Монголын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтжээ.


Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн баг тамирчид ч энэ жилийн турш гайхалтай ялалтууд байгуулж монголдоо төдийгүй олон улсад гайхагдсан. Энэ удаа олимп зохион байгуулагч орны хувьд Япон улс давуу эрхээ эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулах болж, манай эрэгтэйчүүд олимпын эрх авах боломжгүй болсон юм.  Манай гол өрсөлдөгчид болох Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпын эрхээ авчихсан. Тэгэхээр өрсөлдөгчгүй шахам болсон манай эрэгтэйчүүдийн багийг 2020 оны 3 болон 4 дүгээр сард Энэтхэг болон Унгар улсад болох олимпын эрхийн төлөөх тэмцээн хүлээж байгаа нь таатай хэрэг.



Монгол Улсын багийн спортынхоны хувьд 2019 онд сагсан бөмбөгөөс гадна хөлбөмбөг, шайбтай хоккей зэрэг төрлөөр олон улсад танигдсан чамгүй амжилтыг гаргаж монголчуудаа баярлуулсан билээ. Тиймээ, Энэ жил 60 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа Монголын хөлбөмбөгийн спорт нас насны ангилалдаа өндөр амжилт гаргаж, ур чадвар нь эрс дээшилж байгааг хөлбөмбөг соннирхогчид ихэд үнэлж, дэмжин таалах болсон.


Тэдний томоохон амжилт гэвэл, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунней улсын “Бруней Даруссалам” багийн ногоон талбайд хийсэн хариу тоглолтод амжилттай тоглож, гоолын нийлбэрээр 3:2-оор хожсон амжилтаар 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орж тоглох эрхийг авч, Монголын үе үеийн хөлбөмбөгчдийн хувьд түүхэн амжилт тогтоосон юм.


Ийнхүү Монголын үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай /2019.09.05/ өрсөлдөж, 1:0-ээр хожсон. Энэхүү түүхэнд бичигдэх хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм. Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн хүрээнд хоёр тоглолт хийж нэг хожил байгуулсан Монголын шигшээ багийн дэлхийн чансаа 4 байраар урагшилж 183 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэхүү F хэсэгт Япон, Киргиз, Тажикстан, Монгол, Мьянмар улсын баг багтан өрсөлдөж байгаа юм.


Багийн спортоор сүүлийн жилүүдэд амжилтаа ахиулж байгаа спортын төрлөөр Монголын шайбтай багийг онцлох ёстой. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын хоккейчид /2019.03.09/ алтан медаль хүртсэн юм.


Ийнхүү манай шигшээ багийнхан аваргын төлөөх тоглолтод Филиппиний шигшээ багийг 6:3-аар хожиж Азийн хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Монголын үндэсний шигшээ баг хэсгийн тоглолтдоо Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожсон ч Филиппиний шигшээ багт хожигдоод байсан ч ийнхүү аваргын төлөөх тулаанд энэ багтай дахин тоглож хожиж чадсан юм.



Олимпын медальт тамирчдыг төрүүлсэн Монголын топ спортын төрлүүдээс 2019 онд онцлох өндөр амжилт гаргасан тамирчдаас дурдвал, “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга Э.Цэндбаатар 2019 онд Ази тивийн аварга болсон төдийгүй ДАШТ-ий /2019.09.21/ хүрэл медальтан болсон билээ.



Чөлөөт бөхийн спортоор Хөдөлмөрийн баатар, “Лондон-2012” олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий  мөнгө, хүрэл медальтан, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг  “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн аварга Украины Алла Черкасоваг ялж ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн. Тэрбээр энэ ДАШТ-ээс Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын “Токио-2020” олимпын хоёр дахь эрхийг авч чадсан юм.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт, Дэлхийн Армийн 2019 оны аварга, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Катар Улсын Доха хотноо 11 дүгээр сард болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авсан. Түүний энэ амжилт нь олимпын наадамд 7 дахь удаагаа ур чадвараа сорих эрх авсан анхны тамирчин болж Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх юм.



Тайландын Паттаяа хотноо болсон /2019.09.26/ хүндийн өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-д Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг-ын туухай өргөж хүрэл медаль хүртэв. М.Анхцэцэгийн энэ медаль нь ДАШТ-ээс хүртэж буй түүний хоёр дахь хүрэл медаль төдийгүй Монголын туйванчдын түүхэнд бичигдэх ДАШТ-ий хоёр дахь медаль болж байна.



Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 105 кг-д гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд дэлхийн дээд амжилтыг 3 удаа /2019.03.21 /шинэчлэн тогтоолоо. Тэрбээр эхний оролтоор 242 кг-ыг шахаж, 247 кг, 252 кг-ыг тус тус  өргөжээ, сүүлийн оролдлогоор 255 кг-ыг амжилттай шахаж Монгол Улсын аварга болов. Э.Содномпилжээ Казахстаны Нур-Султан хотноо 2019.07.19-нд пара пауэрлифтингийн ДАШТ-ий 107 кг-д 247 кг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр Улаанбаатарт /09.12/ болсон ОУТ-ий пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн 105 кг жинд 248 кг өргөж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Ийнхүү 2019 онд гаргасан эдгээр амжилтаараа “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Гиннесийн ном”2019.09.16/ албан ёсоор бүртгэгдсэн билээ.



Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Австрали улсад болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд хурд, хүчээ сорин IY байр эзэлж, олимпын эрхийн болзлыг 2 дахь удаагаа хангалаа. Тус тэмцээнд Б.Мөнхзаяа 42 км 195 метр замыг 2 цаг 29 минут 18 секундэд туулан барианд орсон юм. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард Хонконг хотноо болсон олон улсын тэмцээнд зургадугаар байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд авч байсан юм.


Улиран одож буй 2019 онд монголын ахмад тамирчид монголчуудаа баярлуулсан, өсвөр залуу үеийнхэндээ үлгэр дууриалал болсон, бахархалт амжилтуудыг онцлох учиртай. Польшийн Торун хотод /2019.04.02/ хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 85 настай Ц.Раднаа гуай 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль зүүсэн юм.



Тэрбээр Австрали улсад /2019.09.06/ болсон хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн 3 төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Улмаар Малайз улсад болсон Ази тивийн мастеруудын АШТ-ээс /2019.12.05/ Ц.Раднаа /400 м, 200 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ 4 алтан медаль хүртсэн юм.



Монгол Улсын гавьяат тамирчин 81 настай Т.Цэрэндолгор 2019 оны хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс нэг алт,  дөрвөн мөнгөн медаль хүртэж, өмнөх жилүүдийн амжилтын буухиагаа үргэлжлүүлж Монгол Улсынхаа нэрийг дахин мандуулсан юм. Тэрбээр хөнгөн атлетикийн Ази тивийн 2019 оны АШТ-ээс жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд түрүүлж, тивийн аварга болсон төдийгүй хоёуланд нь Азийн дээд амжилтыг шинэчилсэн билээ.


Монгол хүний эр зориг, тэвчээр хатуужил, хүч чадал нөөц боломжийг дэлхий дахинд гайхшруулан, бишрүүлсэн онцгой амжилтуудыг гаргасан тамирчдаа энд бас онцлон тэмдэглэх нь зүйн хэрэг.


”Токио-2020” зуны олимпын 32 дугаар наадмын өмнөх жил 2019 онд Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Мөнхбатын Даваажаргал /Хакүхо/ 2019 оны хамгийн сүүлийн буюу Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Японы залуу Озэки Такакейшог итгэл төгс ялж 14 даваа, 1 унаатай 43 дахь түрүүгээ хүртсэн. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Эзэн хааны болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга, хосгүй амжилтын эзэн болж сумо бөхийн түүхэнд тодоор бичигдсэн билээ.


Бас нэгэн бахархалт амжилтыг дурдвал, мэргэжлийн боксын ертөнцөд “King Tug” хэмээх нэрээр цахиур хагалж, алдараа дуурсгах болсон монгол боксчин, “Лондон 2012” олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын Дэлхийн аварга болсон юм. Н.Төгсцогт 2020 оны нэгдүгээр сард багтаж Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн гурван удаагийн аварга АНУ-ын тамирчин Гарри Рассельтай WBC-гийн дэлхийн аваргын төлөө тулалдах гэрээ байгуулсан билээ.



Мөн Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 болон 10 өдрийн  нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод 2019 онд болж, дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Буджаргал 1221.8 км замыг туулсан амжилтаараа түрүүлсэн нь бас л монгол хүний тэсвэр тэвчээр, эр зоригийг харуулсан амжилтын нэг яах аргагүй мөн билээ.



Монголын топ спортын төрлүүдийн нэг болох жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны 32 дугаар олимпын наадам хаяанд ирсэн тун хариуцлагатай цаг үед “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ээс ганцхан хүрэл медальтай ирж монголчуудынхаа итгэлийг алдсан билээ. Харин энэхүү ДАШТ-д амжилтгүй оролцсон МЖБХ-ны удирдлага болон дасгалжуулагчид хариуцлагаа ухамсарлан ажлаа /2019.09.11/ хүлээлгэн өгч, бусад спортынхонд үлгэр дууриалал үзүүлсэн. Монголын жүдочид сүүлийн 4 олимп дараалан медалийн буухиаг таслаагүй бөгөөд энэ амжилтаа бататган “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртэнэ хэмээн монголчууд итгэж найдаж байгаа. 



“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд 7 сар гаруй буюу 227 хоног үлдээд байгаа энэ мөчид Монголын баг тамирчдаас албан ёсоор олимпын дэвжээнд гарах 12 монгол тамирчин эрхээ албан ёсоор аваад байна. Марафонч ОУХМ Б.Мөнхзаяа /хөнгөн атлетик/ Монголын баг тамирчдаас “Токио 2020” олимпын наадмыг зорих анхны эрхийг авсан. Харин хамгийн сүүлд /2019.11.28/ Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны 21 дэх удаагийн Ази тивийн аварга АШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Баатархуягийн Отгонболд эхний гурван байрт шалгарснаар “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.


Монголын буудлагын тамирчид олимпын дөрвөн эрх аваад байгаа бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард СМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү “Токио 2020” олимпын наадмын эрхээ авсан. Оюунбатын Есүгэн Катарын Доха хотноо /2019.11.06/ болсон Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд 626,5 оноо авч олимпын эрх авсан бол олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа /буудлага/ “Токио 2020” олимпын визээ авчихаад байгаа юм.


“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Т.Тулга чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын анхны эрхийг авсан. Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпын эрхээ өвөртөлсөн.

Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг /Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго/ олимпын эрхээ аваад байгаа билээ.


"Токио-2020" зуны олимпын наадмын дараа Токио хотноо паралимпын наадам болно. Монголын пара спортын шигшээ баг тамирчдаас “Токио-2020” паралимпын эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар тус тус хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ албан ёсоор авсан. Мөн гавьяат тамирчин Э.Содномпэлжээ пауэрлифтингийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг олон удаа ахиулж паралимпын эрхийн болзлоо бүрэн хангажээ. Мөн Бангкок хотноо 10 дугаар сард болсон  байт харвааны Ази тивийн АШТ-ээс Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртсэн амжилтаараа "Токио-2020" паралимпын эрхээ аваад байга юм.

Холбоотой мэдээ