Эцэг эхчүүдийн дунд “Хамтдаа уншъя” үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-12 14:50:13

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн Ч.Оюун-Эрдэнэ багштай 8В ангийн 15 сурагчийн бүрэлдэхүүнтэй “Эврика” номын клубээс өнөөдөр эцэг эхчүүдийнхээ дунд “Хамтдаа уншъя” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр сурагчдын эцэг эхчүүд 8-р ангийн Уран зохиолын номноос Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгийг уншиж, улмаар хүүхдүүдтэйгээ тус зохиолын талаар харилцан ярилцсан юм. Номын клубын гишүүн хүүхдүүдийн хувьд чөлөөт зөв цагаа боловсон өнгөрүүлж, интернэт цахим орчноос хол байж, номтой нөхөрлөн, эрдэм мэдлэгээ тэлж буйд эцэг эхчүүд нь сэтгэл хангалуун байлаа.

“2018 онд Солонгосын Соёлын яамны “Баярлалаа” төслийн шугамаар манай сургууль 60 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн шаардлага хангасан тохилог номын сантай болсон. Манай номын санд 27 сая төгрөгийн өртөг бүхий уран зохиол, танин мэдэхүй, хэл шинжлэл, илтгэх урлаг зэрэг чиглэлийн 1700 ном зохиол байгаа. Бага сургууль маань тусдаа номын сантай бөгөөд манайд ахлах, дунд ангийн сурагчид, бүх багш нар бас эцэг эхчүүд ирж ном уншдаг. Номын клубийн хүүхдүүд маань дэлхийн шилдэг 108 ботийг уншаад дууссан. Одоо эцэг эхчүүдтэйгээ уншсан номныхоо талаар харилцан ярилцаж, мэдлэгээ бататгаж байна” хэмээн тус сургуулийн Номын санч Б.Бадамсүрэн хэллээ.

Холбоотой мэдээ