Газар тариалангийн нэгэн жарны түүхэнд Сэлэнгэ аймгаас 32 хөдөлмарийн баатар төржээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-12-10 09:49:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд баярын өдрүүд үргэлжилсээр байна.   

Монгол Улсын газар тариалангийн хөгжлийн анхдагч нэгэн жарныг Сэлэнгийн тариаланчдаас салгаж ойлгох аргагүй юм. Сэлэнгэ нутгийн тариаланчид атар газар эзэмшиж эхэлснээс хойших түүхэн хөгжлийн 60 жилийн хугацаанд 8.5 сая тн үр тариа, 1.1 сая тн төмс, 685.0 мянган тн хүнсний ногоо хураан авчээ. Мөн энэ хугацаанд 32 хөдөлмөрийн баатар, 25 гавьяат, 357 улсын аварга төрөн гарчээ. Энэ сарын 5-ны өдөр тохиосон “Сэлэнгэ 60” баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ нутгаас сонгогдсон төрийн эрхэм түшээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж тариаланчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Сэлэнгийн тариаланчдад илгээсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Ж.Эрдэнэбат гишүүн уншиж танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймагтай хамтын ажиллагаатай ажилладаг ОХУ-ын Буриад улс, Япон улсын Шизоука муж, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүндэт зочид хурлын индрээс баярын мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн Сэлэнгэ нутгийн газар тариалангийн хөгжлийг бодлогын түвшинд дархалж ажилласан үе үеийн аймгийн удирдлагууд, Атрын 1, 2, 3-р аяныг амжилт дүүрэн бүтээсэн баатар, гавьяатууд, улс аймгийн аваргууд хүрэлцэн ирсэн юм.

Холбоотой мэдээ