Нөхөрлөлүүд үзэсгэлэн худалдаагаар 28 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-07 14:30:28

Архангай /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспод нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 254 нөхөрлөлийн 390 гаруй хүн оролцсон бол Архангай аймгаас 8 сумын 21 нөхөрлөлийн 45 төлөөлөл оролцжээ.

Үзэсгэлэнд Архангай аймгийн нөхөрлөлүүд цагаан идээ, модон бүтээгдэхүүн, био нүүрс, байгалийн дагалдах баялаг, эмийн ургамал, сур, ясан эдлэл, бусад гар урлалын бүтээгдэхүүнтэйгээр оролцсоноос Булган сумын "Могойнхон" ойн нөхөрлөлийн бүтээгдэхүүнүүд 2-р байрт, Жаргалант сумын "Баян-Өндөр" ойн нөхөрлөлийн сийлбэртэй модон бүтээгдэхүүн тусгай байрт,  шалгарчээ. Архангай аймгийн нөхөрлөлүүд “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэнгийн үеэр 2 тонн гаруй цагаан идээ, 800 орчим гар урлалын бүтээгдэхүүнийг 28 сая төгрөгөөр борлуулсан байна.





БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үзэсгэлэнгийн үеэр хэлсэн үгэндээ, “Одоогийн байдлаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн 1,629 нөхөрлөлийн 41,3 мянган гишүүн, 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж байна. Тэдгээрийн 80 шахам хувь нь 3,3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж, нийт 7 мянга гаруй өрхийн 23 мянга гаруй хүн хамрагдаж байна. Ойн нөхөрлөлийн хамгаалалтад байгаа байгалийн нөөцийн үр өгөөж нэмэгдсэн, гишүүдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн, хүмүүсийн байгальд хандах хандлага, үйлдэл эерэг ээлтэй тал уруугаа чиглэгдсэн, гишүүдийн бие биедээ итгэх итгэлцэл сайжирч хамтран ажиллах нь нэмэгдсэн зэрэг чухал ач холбогдолтой үр дүн гарчээ. Ойн санг гэрээгээр эзэмшиж хариуцан хамгаалж байгаа нөхөрлөлүүдийн хариуцсан талбайд ойн түймэр 60 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэл тэдний эзэмшлийн талбайд үндсэндээ зогссон” хэмээн онцолжээ.

Улсын хэмжээнд 1600 гаруй нөхөрлөл үйл ажиллагаа эрхэлж, 41 мянган иргэн харьяалагддаг байна.

Холбоотой мэдээ