Угаарын хийн хордлого нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-05 09:58:46

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд угаарын хийнд хордсон гэх дуудлага их ирэх болсон байна. Цаашдаа угаарын хийн хордлого ихсэх хандлагатай байгаа учир аймгийн Нэгдсэн эмнэлгээс сэрэмжлүүлэг мэдээллийг ард иргэдэд өгч байна.

“Иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах, нэг дор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг байнга шалгах хэрэгтэй байна. Хүйтний улирал эхэлсэн энэ үед хүн бүр сонор сэрэмжтэй байж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж чадна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн Дуудлагын их эмч Р.Оролзодмаа хэллээ.

Өнгөрсөн 11-р сард архины хордлогод орсон зургаа, томуу, томуу төст өвчний 170, угаарын хийнд хордсон 12 хүнд тус тасгийн хамт олон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Холбоотой мэдээ