2020 оныг "Өвөрхангайд үйлдвэрлэв" зорилтот жил болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-04 13:46:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар 2020 оныг "Өвөрхангайд үйлдвэрлэв" буюу үйлдвэржилтийг дэмжих зорилтот жил болгон зарлалаа.

Өвөрхангай аймагт энэ жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 520 орчим тэрбум төгрөгт хүрсний 45 хувь нь хөдөө аж ахуй, 24 хувь нь аж үйлдвэр, 31 хувь нь худалдаа үйлчилгээний салбараас орж буй орлого юм. Сүүлийн гурван жилд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувь хэмжээ буурч, аж үйлдвэрийн салбарт өсөлттэй гарч байгаа аж. Энэ нь мах, сүү, ноосны үйлдвэрийг аймагт байгуулсантай холбоотой хэмээн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн хэлж байв.

Харин эмэгтэй Төлөөлөгчдийн зүгээс “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” байхаар санал орууллаа. Өнөө үед эмэгтэйчүүд нийгэмд ч, өрх гэртээ ч идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг болсон. Гэвч эмэгтэйчүүдэд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг төлөөлөгч Т.Нарангарав, Н.Эрдэнэсувд нар хэлж байсан юм. Төлөөлөгчдийн үзэл бодолтой холбогдуулж, аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Том үйлдвэр байгуулах гэхээсээ илүү өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, аймгийн брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, стандартад нийцсэн сав баглаа, боодолтой болгоход чиглэх юм. Зорилтот жилийн гол дэмжлэгийг тэртээ тэргүй эмэгтэйчүүд л авна. Өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид дийлэнх нь эмэгтэйчүүд байна” гэж байв.

Ингээд Төлөөлөгчдийн дийлэнхийн саналаар 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарлаж, орон нутагт үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ