Хонконгийн засаг захиргаа төсвийн алдагдал хүлээж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-12-02 16:16:37

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас эдийн засгийн байдал дордож байгаатай холбоотойгоор Хонконг энэ оны санхүүгийн жилд төсвийн алдагдал хүлээж магадгүй байна. 


“Ийм зүйл сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа тохиолдож болзошгүй байна" гэж Хонконгийн засаг захиргааны санхүүгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга /Сангийн сайд/ Пол Чан хууль тогтоох зөвлөлд үг хэлэхдээ мэдэгджээ.


“Эхлээд бид төсвийн орлого зардлаасаа давна гэж төлөвлөж байсан боловч эдийн засаг суларсны улмаас татварын орлого буурсан, түүнчлэн жилийн дундуур бид эдийн засагт түлхэц өгөх хэд хэдэн арга хэмжээ авсан учраас энэ оны санхүүгийн жилийн эцэст /2020 оны гуравдугаар сарын 31-нд дуусах/ Засгийн газар хүндрэлтэй тулгарч магадгүй” гэж тэрбээр хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Хонконгийн эдийн засгийн үндэс суурь маш бат бөх хэвээр байгааг нэмж хэлсэн байна.


БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн засаг захиргаа хамгийн сүүлд 2003 онд амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS өвчин гаарч байсан үед төсвийн алдагдалд орж байжээ.


Хонконгийн Засгийн газраас 11 дүгээр сарын дундуур танилцуулсан хамгийн сүүлийн үеийн урьдчилсан таамгаар, жилийн эцэст Хонконгийн ДНБ 10 жилийн хугацаанд анх удаа 1.3 хувиар буурах төлөвтэй гарсан байна. 

Холбоотой мэдээ