Тэшиг сум газар тариалангийн салбартаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-30 12:56:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг атар газар эзэмшсэний 60 жилийн ойн үеэр энэ жилийн газар тариалангийн салбарын шилдгүүдээ тодруулан урамшууллаа.

Тэшиг сум энэ жил 5943 га талбайд үр тариа тариалж, 9673 тонн ургац хураан авч аймгийн хэмжээний нийт үр тарианы 16,3 хувийг үйлдвэрлэж, төмс, хүнсний ногооны ургацыг өнгөрсөн оныхоос 15,4 хувиар нэмэгдүүлэн, бэлтгэсэн уриншийн 89,4 хувийг чанарын онц үнэлгээтэй боловсруулсан амжилтаар газар тариалангийн үйлдвэрлэлээр тэргүүлсэн байна. “Булган жимс жимсгэнэ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сумаар нийт тариалсан жимс жимсгэний 85,0 хувийг ургуулсан Баян-Агт, “Хүнсний ногоо” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сумаар аймгийн хэмжээний төмс, хүнсний ногооны 28,8 хувийг хураан авсан Хангал сум шалгарлаа.

Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийсэн Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр, энэ намар нэгж талбайгаас 22 центнер ургац хураасан Бугат сумын Б.Төрбат захиралтай “Есөн тариа” ХХК “Хамгийн өндөр ургац авсан аж ахуйн нэгж”-ээр, Эргэлтийн талбайн 40 гаруй хувьд дэвшилтэт технологиор чанартай уринш бэлтгэсэн Бүрэгхангай сумын Н.Мөнхзул захиралтай “Өгөөж түрүү” ХХК “Чанартай уринш бэлтгэсэн аж ахуйн нэгж”-ээр тодорлоо.

Сэлэнгэ сумын иргэн Ц.Батбагана аймгийн энэ жилийн “Шилдэг өрхийн тариаланч”,  Хутаг-Өндөр сумын “Улаан буудайн эх газар” ХХК-ийн менежер Б.Баясгалан “Газар тариалангийн салбарын шилдэг менежер”,  Баян-Агт сумын “Актив агро” ХХК-ий Д.Очирхуяг “Шилдэг механикжуулагч”-аар шалгарсан байна.

Холбоотой мэдээ