А.Эрдэнэ-Очирын шүлэг, дууны хос цомог гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-28 16:04:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны "Тунгалаг тэнгэрийн дор" яруу найраг, дууны хос цомог хэвлэгдлээ. Цомгийг ирэх сард нээх юм байна.

Сэрүүн тунгалаг ахуйдаа хэвлүүлж амжаагүй бүтээлийг нь том хүү Э.Цагаан-Уул нь эмхэтгэн гурван цувралаар гаргахаар төлөвлөснөөс эхнийх нь ийнхүү хэвлэгдсэн байна.  Цомогт багтсан бүх шүлгээ яруу найрагч өөрөө уншжээ.

“Тунгалаг тэнгэрийн дор” цомогт “Тунгалаг тэнгэрийн дор”, “Би талын бүргэд”, “Миний цуглуулсан хорвоо”, “Голын тохой дээр” зэрэг 15 шүлэг, “Итгэлийн гэрэлтэй амраг”, “Ангир жиндэх намар”, “Найман сарын бороо”, “Цэцэг нь нулимстай хорвоо” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон 10 гаруй дууны уран бүтээл багтсан байна. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны төрсөн өдрөөр нь буюу энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Төв номын санг түүний нэрэмжит болгож  анд нөхөд, дүү нар, гэр бүлийнхэн, орон нутгийнхан нь гэрэлт найрагчийн гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн юм.  

А.Эрдэнэ-Очир “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг ном бүтээл хэвлэн гаргасан бөгөөд 1998 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал, 2002 онд “Зам” шүлгээрээ Болор цомын эзэн болж, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн билээ.

Холбоотой мэдээ