Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх үзүүлэх сургалтыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-25 22:49:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх үзүүлэх сургалтыг Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн өмнө зохион байгууллаа.

Энэхүү үзүүлэх сургалтыг зохион байгуулснаар зам тээврийн осол аваарыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, насанд хүрээгүй хүүхдийг зам тээврийн осол аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэдлэгтэй болох, болзошгүй эрсдэлээс хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалахад чиглэгджээ.

Үзүүлэх сургалтын хүрээнд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйгээс үүдэн жолооч, зорчигчдод учирч болох аюул осол хэрхэн гардгийг мөн харуулсан. Бодит үйл явдал мэт зохион байгуулсан уг арга хэмжээний үр дүнд Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн бага, дунд ангийн 100 гаруй сурагч явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо заавал гарцаар гарах, зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн нэвтрэх, утсаар ярьж, чихэвч зүүхгүй байх зэрэг замын хөдөлгөөний наад захын дүрмийг ягштал биелүүлэх нь өөрсдийн болоод өрөөлийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул ослоос хамгаалах том алхам гэдгийг илүү сайн ойлгож авсан юм.

Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр Дархан сумын хэмжээнд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртсөн байдал 2018 оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар буурсан ч өнгөрөгч 7 хоногт хоёр хүүхэд авто замын осолд өртсөн гэдгийг анхаарууллаа. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг энэ мэт үр өгөөжтэй ойлгомжтойгоор тайлбарлан таниулах ажлыг цаашид үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснийг хэлээд үүнд салбар дундын хамтын ажиллагаа чухлыг онцолсон юм.

Холбоотой мэдээ