Ким Жөн Ун цэргийн гарнизоны байлдааны бэлэн байдлыг шалгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-25 11:02:25

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Шар тэнгист БНСУ-ын Пэннёндо арлаас холгүй орших Чхангриндо арлын цэргийн гарнизоны байлдааны бэлэн байдлыг шалгалаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


KCNA агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч эргийн дагуух их буунуудын байршлыг шалгасныхаа дараа, ажиглалтын цэг рүү гарч үзүүлэнгийн буудлага хийхийг тушаасан байна. "Эргийн их бууны анги нэгтгэлийн дайчид хүндэт дээд удирдлагад буудлагын урлагийг үзүүлэн, түүнийг баярлууллаа" гэж тус агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.  


Ким Жөн Ун цэргийн гарнизоны байлдааны бэлэн байдлыг шалгахын зэрэгцээ цэргүүдийн ахуй амьдралтай танилцсан байна. Тодруулбал, БНАСАУ-ын удирдагч хуаран, хоолны газар, хүнсний агуулах, халуун усны газар, хүнсний ногооны хүлэмжийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр “дайчдыг хүнсний нормын дагуу мах, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн, мөөг, хүнсний ногоогоор тасралтгүй хангахыг үүрэг болгожээ.


Ким Жөн Ун шалгалтынхаа дараа Чхангриндо арлын гарнизонд дуран, автомат буу болон их буу дурсгал болгон өгч, цэргийн алба хаагчидтай мөн дурсгалын зураг татуулжээ. БНАСАУ-ын удирдагчийн хяналт шалгалтын айлчлалыг Солонгосын ардын армийн дарга Пак Жөн Чон дагалдан явсан байна.


Холбоотой мэдээ