Дональд Трамп Афганистаны Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-22 11:03:05

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны төрийн тэргүүн Ашраф Ганитай утсаар ярих үеэрээ тус улсын сөргөлдөгч талуудын хэлэлцээг урагшлуулах нөхцөлийг хэлэлцлээ гэж Цагаан ордон мэдээлэв.


“Афганистанд энх тайван тогтоох үйлсэд тус улсын эрх баригчид чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхийлөгч Трамп дахин нотоллоо. Энх тайван тогтоох үйл явцыг урагшлуулах болон Афганистаны сөргөлдөгч талуудын улс төрийн хэлэлцээг амжилттай болгохын тулд хүчирхийллийг  бууруулах нь чухал гэдэгтэй хоёр тал санал нэгдэв” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна. Хоёр орны Ерөнхийлөгч нар мөн терроризмын аюул заналтай тэмцэх нийтлэг зорилгоо дахин нотолжээ.


Афганистаны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад болон Катарын Доха хот дахь Талибан хөдөлгөөний улс төрийн газрын төлөөлөгчид найман үе шаттай хэлэлцээ хийснийхээ дараа энхийн гэрээний төслийг хэлэлцэн тогтжээ. Уг төсөлд гадаадын цэргүүдийг Афганистанаас гаргах, энх тайван тогтоох тухай афганчууд хоорондын энхийн хэлэлцээг эхлүүлэх талаар тусгажээ. Афганистаны Засгийн газрын төлөөлөгчид талибуудтай Осло хотод хэлэлцээ хийх ёстой байсан боловч талибууд Кабул болон өөр хэд хэдэн хотод цуврал халдлага үйлдсэний улмаас Америкийн цэргүүд амиа алдсаны дараа Дональд Трамп хэлэлцээг зогсоож, гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг цуцалсан байна.


Холбоотой мэдээ