Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх ажиллагааг зогсоохыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-21 12:19:43

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх ажиллагааг зогсоох хүсэлтийг Канадын шүүхэд гаргасан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ.


Huawei” компанийг үүсгэн байгуулагчийн охин М.Ваньжоуг Канадын хууль сахиулагчид Вашингтоны хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилсан бөгөөд түүнийг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгажээ. Харин “Huawei” компани Мэн Ваньжоуг гэм буруугүй бөгөөд хууль бус үйлдэл гаргаагүй гэж удаа дараа мэдэгдсэн байна.


Huawei” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, М.Ваньжоуг шилжүүлэн өгөх ажиллагаа Канадын хуулийн заалтад нийцээгүй аж. Канадын гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хуулийн дагуу хэн нэгний гаргасан гэм буруутай үйлдлийг тухайн хоёр улсын аль алинд гэмт хэрэг хэмээн үзсэн тохиолдолд бусад улс оронд шилжүүлэн өгөх ёстой байдаг ажээ.


М.Ваньжоуг шилжүүлэн өгөх талаарх шүүх хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхэлнэ гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлжээ. Одоогийн байдлаар М.Ваньжоу барьцаагаар суллагдаад байгаа бөгөөд Ванкувер хот дахь гэртээ байршил тогтоох электрон төхөөрөмж зүүн амьдарч байгаа юм.  

Холбоотой мэдээ