Монголын 10 компани АНУ-ын зах зээлд бараагаа гаргах боломжтой

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-21 10:33:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын 10 компани АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байна.

Энэ тухай манай улсад ирээд буй Ази-Америкийн Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын төлөөлөгч, шинжээчид Монголын ААН-үүдэд АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох талаар зөвлөж, мөн хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөл, хууль эрхзүйн орчны талаар сургалт явуулах үеэр мэдэгдсэн юм.


МҮХАҮТ-д болсон сургалт, зөвлөлдөх уулзалтыг “Монгол Брэндийн холбоо” ТББ санаачилж, МҮХАҮТ болон АНУ-ын ЭСЯ дэмжин оролцлоо. “Америкт экспортлоё” уулзалтад манай улсын экспортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй ААН, компанийн төлөөлөл оролцлоо.


Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, АНУ-ын худалдааг дэмжих байгууллагууд хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох үүднээс хамтран бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд экспортлоход тусалж дэмжин ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Монгол-АНУ-ын Худалдааны танхимууд хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тууштай ажиллана гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ