Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 337 мянган толгой мал өвөлжиж хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-20 20:29:09

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 12 мянган малчин өрхөд 4.6 сая /хонин толгойд шилжүүлснээр 5.9 сая/ толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарчээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд 2.5 сая ямаа, 1.6 сая хонь, 500 мянга орчим бод мал өвөлжиж хаваржина.

Малчид энэ онд бодын 31 хашаа, богийн 146 хашаа шинээр барьж, хашаа, хорооны хангамж 96.5 хувьд хүрсэн байна. Малчин өрх малдаа тарга хүч авахуулан, өвс, тэжээлээ татан авч, хашаа хороо, худаг уст цэгээ засч тохижуулан, мал эмнэлгийн арга хэмжээнд хамрагдан, дулаан хувцас, түлээ түлшээ бэлдсэнээр өрхийн өвөлжилтийн  бэлтгэлээ 89.6 хувиар хангажээ.

Тус аймгийн найман сумын 68 өрхийн 19.1 толгой мал Архангай аймгийн Цахир, Цэнхэр, Чулуут, Хангай, Өвөрхангай аймгийн Богд, Уянга, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт тус тус өвөлжихөөр урьдчилсан байдлаар судалгаа ирүүлжээ. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 12 сумын 323 өрхийн 105.2 мянган мал өвөлжихөөр байна.

Мөн тусгай хэрэгцээний  отрын бүс нутагт Бууцагаан сумаас 15 өрхийн 16.0 мянган мал, Баянцагаан сумаас 10 өрхийн 5.2 мянган мал буюу хоёр сумын 25 өрхийн 21.2 мян мал өвлийн отор хийх аж. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 10 сумын 337.2 мян толгой мал өвөлжиж, хаваржихыг аймгийн ХХААГ мэдээлсэн юм.

Ташрамд, Бэлчээрийн хангамж аймгийн дүнгээр 24 хувь буюу хангамж муу байгаа бөгөөд нийт сумын 13-т нь 40 хувиас бага үзүүлэлттэй байна. Ялангуяа Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Баянлиг, Бөмбөгөр, Эрдэнэцогт сумын бэлчээр хангамж 20-оос доош хувьтай байгаа юм байна.

Холбоотой мэдээ