Байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 08:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна.


Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт эхэлж, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлт, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Гэрээ соёрхон батлах тухай, Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкны Зээлийн болон төслийн гэрээг хэлэлцэх аж. Түүнчлэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл, "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолын төслийг хэлэлцэх юм.


Хууль зүйн байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ