Баян-Өлгийд идэшний малын үнэ өндөр байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-19 09:54:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ард иргэд энэ сарын 10-наас өвлийн идэш бэлтгэх ажилдаа орсон бөгөөд идэшний малын үнэ өмнөх онуудтай харьцуулахад өндөр байгааг тэд хэлж байна.  

Тухайлбал, Өлгий хотын малын захад энэ өдрүүдэд орон нутгийн адуу наснаасаа хамааран 1-1,3 сая төгрөг, өөр аймгуудаас ирсэн адуу 800 мянгаас 1 сая, үхэр 600-800 мянга, хонь 100-160 мянга, ямаа 80-120 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад ойролцоогоор 12-15 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үнэ өсөхөд тус аймгийн махны үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд малыг их хэмжээгээр худалдан авч, гадаад, дотоодод борлуулж байгаа нь нөлөөлсөн хэмээн худалдаа эрхлэгчид хэлж байна.  

Ташрамд дурдахад, 2019 онд Баян-Өлгийнхөн 625 мянган толгой малыг хүнсэндээ хэрэглэж, 638 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргаад байгаа юм. 

Холбоотой мэдээ